79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авна
БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж 11 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлын талаар хэлэлцэж 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. Түүнийг сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаагүй, хүүхдийг ялгаварласан ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж үзсэн байна.
Засгийн газар амиа алдсан хүүгийн ар гэрээс уучлал хүсэж, эмгэнэл илэрхийллээ.
Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд салбарын сайдын зүгээс үүрэг даалгавар өгч, яамны ажлын хэсэг тухайн өдөр хуралдаж, 79-р сургууль дээр ажилласан байна. Мөн хариуцлагын асуудлаар эргэж мэдээлэл өгнө, цаашид сургуулийн хүүхдийн тоглож наадах орчинд аюулгүй байдал хангах ажлыг төрийн байгууллагууд шат шатандаа арга хэмжээ авч ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.