Н.Цэрэнбат: Ирэх оноос нийлэг уутны хэрэглээг бүрэн хориглоно
Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ "0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгалд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгал орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогоо эхлүүлж байна. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Нөгөөтэйгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдэвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал. 10 сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнөх дуусгах ёстой" гэлээ.
Мөн БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж буй нэг ажил нь Засгийн газрын дээрх шийдвэр гэдгийг Н.Цэрэнбат сайд хэлэв. Засгийн газраас гаргаж буй тогтоолд Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож байгаа юм байна.
Эх сурвалж: MONTSAME.MN
|