“Өнөр бүл”, “Эрдэм” хүүхдийн төвийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Өнөр бүл” болон “Эрдэм” хүүхдийн асрамж, халамжийн төвийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургадугаар сарын 01-нд ХНХЯ-ны харъяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын дээврийг засварлах болон олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын өрийг тэглэх зэрэгт шаардлагатай 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхийг тус төвийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүссэн юм. Үүний дагуу өнөөдрийн хуралдаанаас дээрх 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Тус төвд одоогийн байдлаар эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа, бүтэн өнчин зэрэг 185 хүүхэд амьдардаг байна. Эдгээрийн дотор тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тусгай асаргаа шаардлагатай хүүхэд олон байдаг аж. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас “Өнөр бүл” төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан барилга барих асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.
Тэрбээр, “Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийг хувийн хэвшил хариуцан ажиллуулдаг. Тус төвийн барилга болон газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг эгүүлэн авах асуудлыг хөндөх болсон байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг газрыг “Эрдэм” асрамжийн төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон” гэлээ.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Хүүхдийн мөнгийг сүүлд нэмэгдсэн 20 хувьд хэзээнээс олгох вэ?
-20 хувьд хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сараас эхлэн олгох тогтоол баталсан юм. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард хүүхдийн мөнгө олгохдоо дөрөв болон тавдугаар сарынхыг нөхөж өгнө гэсэн үг. Одоо үйлчилж байгаа Өрхийн амжиргааны түвшний судалгааны 580 гэсэн босго оноог 670 болгохоор ажиллаж байна. Энэ оны наймдугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллана. Тухайн үед хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар дахин хэлэлцээр хийх болно.
-20 хувь дахиад Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах ёстой юу?
-Хамрагдах ёстой. Мөн Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт хүргүүлэх хэрэгтэй.
-Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдаагүй хүүхэд бий юу?
-Хүүхдийн мөнгийг Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдсан хүүхдэд олгож байгаа. Одоогоор энэ судалгаанд 100 мянган хүүхэд хамрагдаагүй байна. Эдгээр өрх өөрсдөө материалаа бүрдүүлээд Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй.
Ч.Ариунболд
Гэрэл зурийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг