Өрийг үе шаттай бууруулах бодлого баримтална
Сангийн яамнаас тооцоолсон 2018 оны урьдчилсан үзүүлэлтээр Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 63.4 хувьтай байна. Энэ нь өндөр эрсдэлтэй байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл орлого багатай улс орны Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 50 хувиас дээш гарвал дефолт болох эрсдэлтэй, өрийн эмзэг байдал өндөр гэж үздэг ажээ. 2014 онд орлого багатай, хөгжиж буй улсуудын дунд хийсэн Европын Төв банкны судалгаагаар Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80 хувийг давсан тохиолдолд эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн байна.
Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьтай байхаар төсөөлжээ. Хэрэв энэ өсөлтөд хүрэхгүй бол өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 63 хувиас дээш давах болж байна. Засгийн газрын өрийг үе шаттайгаар бууруулах бодлого баримтална гэж Сангийн яам мэдээлээд байгаа юм. Тухайлбал, 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 55.3 хувьд, 2020 онд 47.8 хувьд, 2021 онд 41 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Сангийн сайдын мэдээлснээр сүүлийн хоёр жил Засгийн газрын өрийг 2.8 их наяд төгрөгөөр бууруулжээ. Ингэхдээ дотоодод өндөр хүүтэй бондуудыг бага хүүтэй бондоор сольсон байна. Энэ нь 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн батлагдсан түвшнээс 25 нэгж хувиар бууруулсан үзүүлэлт болжээ.
2016 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцааг 2016 оны төсвийн жилд 88.0 хувиас эхлэн жил бүр бууруулж, 2021 онд 60.0 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан юм. Өрийн таазыг тодорхойлсон хуулийг байнга өөрчилж ирсэн нь тогтвортой тогтолцоог гажуудуулж байна гэж эдийн засагчид үзэж байна. Тийм учраас зөвхөн өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг хуульчилж өгөхөөс гадна өрийн таазтай уялдуулж төсвийн зардлыг танах зохицуулалтыг хуульд шингээж тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж “Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|