У.Хүрэлсүх: Хөрс хамгаалахад нийт ард иргэдийн оролцоо шаардлагатай
Монгол орны Хөрс хамгааллын бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга аа,
УИХ-ын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын чуулганд хийх ээлжит мэдээлийг Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар хийхээр бэлтгэлээ.
Хүрээлэн байгаа орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудал бол Монгол улсын урт хугацааны бодлогын нэг тулгуур асуудал бөгөөд НҮБ-аас батлан хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжлийн зорилтуудад томоохон байр суурийг эзэлж байгаа дэлхий нийтийнхөгжлийн зорилтын нэг бүрдэл хэсэг юм.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх”, “бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, хянах, сэргээн сайжруулах”, мөн “газрын үржил шимийг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх” зэрэг зорилтууд тусгагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Олон улсын байгууллагууд, үүний дотор НҮБ, Олон улсын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нэг Эрүүл мэнд” гэсэн цогц бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, улс орнуудыг ийнхүү цогц байдлаар хандахыг уриалж байна.
“Нэг Эрүүл мэнд” гэдэг нь хүрээлэн байгаа орчин, мал амьтаны эрүүл мэнд, хүний эрүүл мэндийн асуудлыг харилцан уялдаатай, цогцоор нь авч үзэж хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд хүрээлэн байгаа орчин, хүн амын хэрэглэж байгаа хоол хүнсийг эрүүл, аюулгүй болгох шаардлагатай гэсэн зарчимд үндэслэсэн олон талтай цогц бодлого юм.
Монгол Улсын Засгийн газрын хувьд ч гэсэн олон улсын байгууллагуудын “Нэг Эрүүл мэнд” бодлоготой санаа зорилго нэг байгаа бөгөөд ард иргэдээ эрүүл аюулгүй, баталгаатай хүнсээр хангах, иргэдийн амьдарч байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхийн усны өдөр, 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хөрс хамгаалах өдрийг тус тус тохиолдуулан манай холбогдох мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран Монгол орны усны нөөц, хүрэлцээ хангамж, Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын элэгдэл, доройтол, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх бодлогын асуудлаар хэлэлцэж, эдгээр асуудлаар төр засаг, аж ахуйн нэгж, иргэдэд хандан санал, зөвлөмжийг боловсруулж ирүүлсэн.
Нэг. МОНГОЛ ОРНЫ ХӨРС, БЭЛЧЭЭРИЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Монгол орны хөрс, тариалангийн газар, бэлчээрийн төлөв байдалд Ус цаг уур, орчны эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа бусад агентлаг, орон нутгийн албадын зүгээс хяналт тавьж, элэгдэл, доройтол, бохирдлын байдалд дүн шинжилгээ хийж байна.
Хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтолын явц нь нэгдүгээрт байгаль цаг уурын өөрчлөлт, хуурайшилт, гамшигт үзэгдэлийн улмаас, хоёрдугаарт бүхий л салбарт явагдаж байгаа аж ахуйн үйл ажиллагааны улмаас, гуравдугаарт иргэд, хувь хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байгааг эрдэмтэн судлаачид тогтоогоод байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөх, жилд орох хур тунадасны хэмжээ зарим нутагт эрс багасч хууршилт, цөлжилт үүсэх, бэлчээрийн ургамлын нэр төрөл цөөрч, ургац тааруу болох, байгалийн гэнэтийн үзэгдэл, аадар бороо, үерийн улмаас хөрс усанд элэгдэж эвдрэх, ургамлын ургацанд тааламжтай үржил шимтэй давхрага усанд идэгдэж хомсдох зэрэг сөрөг үр дагавраар илэрч байна.
Манай улсын эдийн засгийн салбаруудаас бэлчээрийн мал аж ахуй, автотээвэр, уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь хөрс, бэлчээрийн эвдрэл, элэгдэл, доройтолд хүчтэй нөлөөлж байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажиглалт, судалгааны явцад илэрсэн байна.
Хот суурин газруудын төвлөрөл ихсэж, гэр хорооллын эзлэх талбай, автомашины тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, гадаргын хог хаягдал, хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдаж байна.
Бэлчээрийг эрүүл хөрстэй харьцуулж үзэхэд Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг авч үзвэл хромын агууламж 76,3 хувь, хар тугалгынх 71.1 хувь, цайрынх 80,3 хувь, зэсийнх 65,8 хувь, кадмийн агууламж 48,7 хувь, никелийн агууламж 52,6 хувиар тус тус их байна.
Улаанбаатар хотын нянгийн бохирдолтын түвшин 2014 оны байдлаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч хөрс нянгаар бохирдсон байна. Гэр хороолол, томоохон зах орчим, хур хогийн цэг орчмын хөрсөнд нянгийн бохирдолт маш их байна.
Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн агууламж ихтэй, нийт хөрсний дээжний 72 хувь нь сульфатын бохирдолтой байна.
Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой. Хөрсний бохирдол хотын төв хэсэгт харьцангуй бага харин хотын захын гэр хорооллоор ихсэх хандлагатай байна.
ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Манай улс 1959 онд дотоодын гурилын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг тавьж, “Атрын аян” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд 108,0 мянган га атар газрыг эзэмшиж байсан нь газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих эхний алхам болсон.
1985 оны байдлаар улсын хэмжээнд тариалангийн нийт эргэлтийн талбай 1,2 сая га–д хүрч “уринш- буудай- тэжээлийн үр тариа“ ээлжит сэлгээнд бүрэн шилжин эргэлтийн талбайн 78 хувьд хөрсийг хавж элдэншүүлэх, 88 хувьд зурваслан тариалах технологийг ашиглаж, 60 гаруй мянган га талбайд ойн зурвас, хөшиг ургамал тариалж хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, цас тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж байжээ.
1990-2007 онуудад газар тарилангийн салбарын бүтээгдэхүүний үндсэн үйлдвэрлэгчид болох сангийн аж ахуйнууд хувьд шилжснээр төр засгаас тавих анхаарал суларсан, тариалангийн компаниудын хөрөнгө санхүүгийн чадавхи тааруу, ашиглаж байсан тариалалтын техник технологи ихээхэн хоцрогдсон байсны улмаас эдгээр жилүүдэд тариалангийн талбайгаа хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа орхигдож, нийт 950 гаруй мянган га талбай ашиглалтгүйгээр орхигдож байжээ.
Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид 2008-2010 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй 579,3 мянган га, атаршиж орхигдсон 347,0 мянган га талбайд хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлийг тодорхойлох шинжилгээ хийсэн.
Энэхүү шинжилгээний дүнгээр тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн 61,4 хувь нь хүчтэй, 34,9 хувь нь дунд, 3,7 хувь нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариалангийн талбайн 52-81 хувь нь хүчтэй элэгдэлд орсон дүн гарчээ.
Харин атаршиж орхигдсон талбайд хийсэн шинжилгээний дүнгээр 60,6 хувь нь хүчтэй, 34,9 хувь нь дунд, 4,5 хувь нь сул элэгдэлд оржээ. Ялзмагийн агууламжийн хувьд ашиглаж буй тариалангийн талбайн хөрсний агууламжтай харьцуулахад арай эерэг үр дүнтэй гарсан ч шим тэжээлийн бодис хангалтгүй байсан.
Судалгаанд хамрагдсан нийт тариалангийн талбайн ялзмагийн агууламжийг авч үзвэл 1960-аад оны дунд үед 2,9 -3,2 хувийн ялзмагтай, харьцангуй үржил шим сайтай байсан хүрэн хөрсний 40 хувь нь 1-1,9 хувь, 23 хувь нь 2,0-2,5 хувийн ялзмагтай болж, хөрсний үржил шим эрс буураад байна.
Уур амьсгалын өөрчлөлт дулаарлаас гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орж байгаа нь хөрсний өнгөн хэсгийг урсган гулгуулах, хүчтэй халж хатсанаар салхины элэгдэлд орж хөрсний хамгийн чухал хэсэг ялзмагийн агууламжийг бууруулж байна.
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Мал аж ахуйн салбар нь байгалийн нөөц бэлчээрийг ашиглаж өртөг багатай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засгийн чухал салбар билээ.
Монгол улс 112.7 сая га хадлан, бэлчээрийн талбайтай. Өнгөрсөн 2017 оны мал тооллогоор 66.2 сая мал тоологдсон бөгөөд 100 га бэлчээр, хадлангийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 92 толгой мал ноогдож байна.
Одоо ашиглагдаж байгаа бэлчээр, хадлангийн талбайг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9.4 сая га-гаар багассан бол харин хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 40 гаруй сая толгойгоор өсч, 100 га бэлчээрийн талбайд ноогдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.8 дахин нэмэгдээд байна.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар манай орны бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай боловч бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтэрч, бэлчээр нөхөн сэргээгдэх боломжгүй болж эрчимтэй доройтоход нөлөөлж байна.
Манай орны хангай, хээр, цөлөрхөг хээр, говь хосолсон нийт бэлчээрийн 52,9 сая га-г өвөл, хаврын улиралд 60,3 сая га бэлчээрийг зун намрын улиралд ашигладаг. Малчид бэлчээрийг улирлаар хуваарилан, жилийн турш нүүдэллэн ашиглаж ирсэн уламжлалт арга нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалж ирсэн.
Малчид бэлчээрийн даацыг зөв тогтоож, түүнд тохирсон тооны малаар бэлчээр ашиглах нь бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малын хэвийн өсөлтийг хангаж, ашиг шимийг бүрэн авахад чухал ач холбогдолтой.
Хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс болж бэлчээрийн ургац 5 хувиар буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 15 хувиар цөөрч, бэлчээр талхлагдсанаас нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон гэсэн мэдээ байна.
ХӨРС, БЭЛЧЭЭР, ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫГ ЭЛЭГДЭЛ, ДОРОЙТЛООС ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
УИХ-ын гишүүд ээ,
2016 онд шинэчлэн найруулж батлуулсан Тариалангийн тухай хууль болон 2015 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх тухай нилээд хэдэн чухал заалтуудыг оруулж өгсөн.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд жил бүрийн тариалалтад зориулан 2016 онд 7900 тн, 2017 онд 3041тн бордоог Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон ба үүний үр дүнд ургацын хэмжээ 2016 онд 5-10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.
Дотоодын бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд 2016 онд Гарааны Монгол экологийн бордоо ХХК хоногт 150 тн, “Минерал агро” ХХК хоногт 60 тн холимог, эрдэс, органик бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий бордооны үйлдвэрүүдийг Төв аймгийн Баянчандмань, Багануур дүүрэгт байгуулсан.
Мөн тус яамнаас тариалангийн талбайн хөрсний үржил шимийг тогтвортой хамгаалах хүрээнд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд судлаачид, ахмад тариаланч болон газар тариалан эрхлэгчдийг хамруулсан “Тариалангийн талбайн хөрсний ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөнийгхолбогдох мал аж ахуйн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж гарган Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлсэн.
Мөн ХХААХҮ-ийн яамнаас тариалангийн талбайн хөрсний үржил шимийг тогтвортой, байгальд ээлтэй аргаар хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тариалангийн талбайг хашаажуулах ажлыг зохион байгуулж байгаа ба үүний дараа хашаалсан талбайд ойн зурвас байгуулах, ногоон бордуурт уринш хэрэглэх зорилгоор ойн зурвас байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.
Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, тухайн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал, хүсэлтэд тулгуурлан 7 аймгийн, 60 гаруй сумдын газар тариалан эрхэлж байгаа газар нутгийг тарилангийн бүсээр тогтоох асуудлыг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол улсын хүн амыг үр тариа, жимс жимсгэнээр хангаж байгаа, хөрсний үржил шим нь 50-100 жилийн дараа л нөхөн сэргээгддэг үнэт баялаг болсон тариалангийн хөрс, үршил шимийг малын хөлийн талхлалтаас хамгаалах, цаашид эдгээр бүсэд эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилгоор ийнхүү тариалангийн бүсийг тогтоолоо.
Тариалангийн бүсийг тогтоосноор малчид, мал бүхий иргэдийн тухайн баг, сумын нутагт оршин суух эрхийг огт хөндөхгүй бөгөөд гагцхүү газар тариалангийн талбайг талхалж, сөрөг нөлөө үзүүлж байгаа, хариулгагүй, хараа хяналтгүйгээр мал сүргийг тариалангийн талбайд бэлчээхгүй байх тодорхой хязгаарлалтыг тогтоож байгаа болно.
"Монгол мал" үндэсний хөтөлбөрт нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч, цаг хүндэрсэн үед ашиглахаар заасан боловч одоо нийт 6.2 сая га буюу 5.4 хувийг улс болон орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад байна.
Бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбогдох харилцааг зохицуулах зорилгоор “Бэлчээрийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд цаашид уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Мал аж ахуйг байгалийн эрсдэлээс хамгаалах зорилгоор улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгийг 9 газарт нийт 783.3 мянган га талбайг хамруулан байгуулж, жил бүр дунджаар 550 гаруй малчин өрхийн хонин толгойд шилжүүлснээр 540.0 мянган толгой мал хаваржиж байна.
Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхэд бэлчээрийн усан хангажийг сайжруулах арга хэмжээ нэн чухал ач холбогдолтой байдаг.
2016-2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 149, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 427, гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 62, малчдын санаачилгаар 673, нийт 1356 инженерийн хийцтэй худгийг шинээр барьж ашиглалтанд оруулж, улмаар малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоодод гэрээгээр ашиглуулж байна.
Булган, Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай, Дундговь аймгуудад 2016-2017 онуудад нийт 78 мянга гаруй худгийн эхийг хашиж хамгаалах ажлыг орон нутгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар, малчдын оролцоотойгоор гүйцэтгэжээ.
Нийслэлийн гэр хорооллын, арьс ширний, мах боловсруулах үйлдвэрүүд, авто засварын газруудын орчмын хөрсний бохирдолыг бууруулах нь ихээхэн цаг хугацаа, хүч хөрөнгө шаардагдах нь тодорхой байна. Иймээс энэ асуудлаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар жичдээ ярилцах боломж гарна гэж найдаж байна.
ХӨРС ХАМГААЛАХ ТАЛААР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хөрсний бохирдолыг бууруулах чиглэлээр цаашид дараах зарим арга хэмжээг энэ тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
1. Хөрсний бохирдолыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсарыг дээшлүүлэх зэрэг олон талын цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай;
2. Улаанбаатар хот болон бусад суурин газруудын хөрсний бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч эх үүсвэрийг багасгах, арилгах бодлогыг баримтлах;
3. Хог хаягдлын менежментийг сайжруулах, газар дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, олон улсад түгээмэл баримталдаг зарчмыг хэрэгжүүлэх;
4. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн ойролцоо байрлах гэр хорооллын хамрах хүрээг багасгах, айл өрхийг цэвэр бохир усны хэсэгчилсэн сүлжээнд холбох;
5. Хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн сурагчдад багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх сургалт, боловсролын цогц бодлого хэрэгжүүлэх;
6. Барилгажуулах, инженерийн дэд бүтцэд холбох гэр хорооллын бүсүүдийг тогтоох, уламжлалт гэр хорооллыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр хөгжүүлэх зэрэг оновчтой шийдлүүдийг олох;
7. Хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааг нийт ард иргэдийн өргөн оролцоотойгоор хэрэгжүүлэх;
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ø Хөрс хамгаалах бие даасан хуулийг боловсруулан гаргах,
Ø Хөрс хамгаалах болон Ургамал хамгааллын албыг байгуулах,
Ø Монгол улсад хэрэгжиж буй хөрстэй холбоотой хууль, бодлого, технологийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах,
Ø Дундаас дээш элэгдэл, эвдрэл доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээхийн тулд ойн зурвас байгуулах, хашаажуулах, зурваслан тариалах, ногоон бордуурт уринш хийх ажлыг жил бүр зохион байгуулах,
Ø Хөрс элдэншүүлэлтийг цомхотгох, цулгүй уриншийн тоо хэмжээг багасгах, хөрсний үржил шимийг тэтгэх сэлгүүлэн тариалалтыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг нийт талбайнхаа 30-аас доошгүй хувьд тогтмол эрдэс болон шим бордоог хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах,
Ø Дотоодын органик болон эрдэс бордооны үйлдвэрүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
Ø Хөрсний экологи – эдийн засгийн үнэлгээг тариалангийн талбай бүрт хийж тариалангийн газарт зохистой эдийн засгийн хөшүүргийг тогтоох,
Ø Хөрсний нэр томьёо, задлан шинжилгээ, үнэлгээний арга зүй, стандартуудыг боловсруулж мөрдүүлэх, хөрс-агрохимич боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх,
Ø Ногоон бордуурт уринш + буудай + буудай + тэжээлийн таримал ээлжлэн тариалах сэлгээг нэвтрүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмж, буурцагт ургамлын үрийн хангамжийг нэмэгдүүлэх,
Ø Хөрсний элэгдэл эвдрэлийн зэргээс хамаараад сул элэгдсэн талбайд нэг наст буурцагтан, дунд элэгдсэнд хоёр наст буурцагтан, хүчтэй элэгдсэн талбайд олон наст буурцагтныг тус тус сэлгээнд оруулан тариалах, төрөөс дэмжлэг үзүүлэх,
Ø Тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг эзэмшиж буй талбайн хөрсний үржил шимийн агууламж, элэгдэл эвдрэлийг 5 жил тутамд лабораторийн шинжилгээгээр тогтоож байх шаардлагатай байна.
УИХ-ын Эрхэм гишүүд ээ,
Дэлхийн улс орнуудад газрыг хөгжлийн үндэс гэж үзэж, зөвхөн ашиглах бус түүнийг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг эрчимтэй авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгагдсан “Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах, хөрс тордох агротехникийн болон усалгааны хэмнэлттэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ёстой.
Өнөөдөр бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгааолон салбарын техник, технологи нь цаг үеийн шаардлагаас хоцрогдож хүрээлэн байгаа орчинд халтай, бохирдуулалт, хаягдал ихтэй байна.
Бид зөвхөн байгалийн баялаг авч ашиглах, үр шимийг нь хүртэх бус бид эргээд байгалаа хамгаалдаг, байгалдаа өгдөг зарчмыг мөрдлөг болгох, хүрээлэн байгаа орчинд хал багатай, ээлтэй технологийг эрчимтэй нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.
Монголчууд бидний хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх ёстой олон чухал эрхэм зүйлсийн нэг бол Монгол орны үршил шимтэй хөрс, газар шороо юм.
Ийм ч учраас цэвэр усны эх үүсвэр, үршил шимтэй хөрс, тариалангийн газар, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн тулгуур бодлого байсаар ирсэн.
Цаашид ч энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлж ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллах болно.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба