Ц.Нямдорж олон улсын хууль зүйн форумд оролцож байна
ОХУ-ын Ерөнхийлөгч болон Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр 2011 оноос хойш жил бүр Санкт-Петербургийн Олон Улсын Хууль зүйн форум нь уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож байна.
Тус форумын гол зорилго нь даяарчлалыг даган хувьсаж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулийн шинэчлэлийг санаачлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль эрх зүйн тогтолцоог харилцан сайжруулах, олон улсын сайн туршлагыг судлах, орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэгддэг билээ.
Энэхүү форумоор хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндсөн олон хэлэлцүүлэг, уулзалт, яриа хэлэлцээр, хурал, илтгэл зохион байгуулагддаг билээ.
Энэ жилийн форумд нийт 86 улсын хууль зүйн салбарыг төлөөлөн оролцож буй албан тушаалтнууд, хууль зүйн сайд, дэд сайд, прокурор, дээд шүүх, үндсэн хуулийн цэцийн шүүгч мөн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Санкт-Петербургийн Олон улсын Хууль зүйн форумд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож энэ үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд Олег Леонидович Слижевскийтэй хоёр талын уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Тус уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд 2014 оноос эхлэн ажилласан хоёр талын гэрээний төслүүдийг 2016 онд эцэслэн Засгийн газрын хуралдаанаар энэ оны 4 дүгээр сард хэлэлцүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ий талаар санал солилцов.
Уг гэрээнүүдийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж гарын үсэг зурахад бэлэн болсон талаар ярилцаж ирэх 6 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурахаар харилцан тохиролцлоо.
Мөн уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд Олег Леонидович Слижевскийг ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахыг урьж, энэхүү айлчлалын үеэр өмнө нь байгуулахаар тохиролцсон яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах талаар санал тавьсныг Олег Леонидович нааштай хүлээн авч, айлчлалын товыг ажлын шугамаар тохиролцохоор болов. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг мөн Бүгд Найрамдах Беларусь Улсад ирэх жил айлчлахыг урьсан юм.
Эх сурвалж: ХЗДХЯ