У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ
Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж байна.
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо
Оюуны өмчийн салбарын ажилтан, албан хаагчид аа,
Зохиогч, уран бүтээлч, шинийг санаачлагч, зохион бүтээгчид ээ,
Оюуны өмчийг дэмжигч эрхэм нөхөд өө,
Та бүхэнд Оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.
Монгол Улсын өнөөгийн хөгжил үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, зохиогч, уран бүтээлчдийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Ийм учраас Засгийн газар та бүхэнтэй оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хэрхэн хөгждөг тухай, бидэнд ямар асуудал, боломж байна, үүнд УИХ, Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй болохыг хэлэлцэж байна.
Иргэдийнхээ барагдашгүй далай болсон оюуны өмчийг дээдлэн хүндэтгэж, нийгэм, эдийн засгийн асуудлыг дэвшилтэт техник, технологи, оюуны өмч, инновацид суурилан шийдвэрлэхийг манай Засгийн газар зорьж байна.
Оюуны бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулж, тэдний бүтээлийг амьдралд нэвтрүүлэн, контент үйлдвэрлэл, программ хангамж, инноваци, үндэсний брэндийг дэмжсэнээр эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байхаа болино.
Засгийн газраас саяхан баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасны дагуу эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг ханган, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорилго болгосон. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх санаачилга, зүтгэл их чухал. Утаа, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах болон бусад бүх салбарын хөгжилд оюуны өмчийн үүрэг чухал.
Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд уламжлалт ахуй соёл, түүх, хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Ухаалаг төрийн үндэс нь мэргэшсэн төрийн албан хаагч мөн. Тиймээс оюуны өмчийг хамгаалах салбарт ч мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарна.
Улс орон, ард түмнийхээ өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний бүтээсэн шилдэг бүтээлд Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, худалдан авч нэвтрүүлэх, инноваци нэвтрүүлсэн, контент экспортолсон, экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлье.
Дэлхийн улс орнууд түүний дотор бидний хоёр хөрш оюуны өмчид суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаагаас бид суралцах ёстой.
“Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэе” гэсэн уриагаар форумыг нээж байгааг хүлээн авна уу.