У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил

2018 оны 4 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов.

Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

  Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.

Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. 

Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.  

2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна.

Хотын захиргаа энэ онд уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, Агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмжийг шинэчлэх, түрээсийн орон сууц барих, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох, хөрсний бохирдлыг багасгах зэргээр ажиллаж байна.

 Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаас үзвэл энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна.

2019 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.  Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн нэг жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангахыг сануулж, Үндэсний хорооны гишүүд энэ талаархи мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэж байхыг  үүрэг болгов.

Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрээр хэллээ. Төрийн бүх шатны байгууллага, тэр дундаа хууль хүч, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав.

Сайжруулсан түлш үйлдвэрлэх, нийлүүлэх, түлш нөөцлөх байр сав, худалдан борлуулах цэгийн байршил зэрэг бэлтгэл ажлаа төлөвлөсний дагуу сайтар хангахыг Үндэсний хорооны гишүүд, сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, холбогдох албан тушаалтнуудад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56329
1 эможи

keyboard_arrow_up