Ганцмодны боомтоор нүүрсний машинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ
Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.
Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ы Баяннуур хотын удирдлагатай уулзаж, хоёр тал хил нэвтрүүлэх боломжоо нэмэгдүүлэх талд санал нэгдсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалынхаа үеэр ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллаж, хотын удирдлагатай нь уулзсан юм. Тэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцож, хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн, мөн Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улсыг хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байгаа гэдгээ айлчлалын үеэр илэрхийлж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|