Жаргаах үгсээр үдсэн Кувейт андууд
Хаан ард олондоо хайртай байхгүй бол...
Монголын хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Кувейт улсад ажиллах үеэрээ тус улсын иргэдийн амьжиргааны талаар ихээхэн сонирхож явав. Хамгийн анхлан анзаарсан нэг зүйл энэ улс орон баялгийн хуваарилалтыг зөв хийжээ. Зөв тэмдэглэгээ хэрхэн заасныг иргэдийнх нь амьжиргааны төвшин илтгэнэ. Тус улсын Эмир нь ард олондоо өөрийн хөрөнгөөсөө хишиг хүртээдэг ажээ. Энэ нь хаан хүн харц олондоо хайртай байхгүй бол хэн түүнийг хаан хэмээн хүлээн зөвшөөрөх билээ гэсэн үгийг дайх мэт. Гэхдээ иргэд нь зүгээр суугаад байдаг гэвэл эндүүрэл. Тэд улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж хамгийн гол нь хуулийг чандлан мөрддөг байна. Бүх хүн хуулийн дор захирагдана. Бас нэг зүйл нь тус улсад эцгийн эрхэт ёс давамгайлдаг ч эмэгтэйчүүдэд ихээхэн хүндэтгэлтэй хандана. Улс эх орноос олгож буй тэтгэмж, халамжийн эхний эгнээнд эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Тодруулбал, газрын тосны нөөцөөс олж буй ашгаасаа сан байгуулж энэ нь ирээдүй хойч үеийнхээ амьдрах баталгааг олгодог байна. Ингэхдээ “Хойч үеийн сан” байгуулж олсон орлогынхоо 10 хувийг байршуулна. Мөн Кувейтийн хөрөнгө оруулалтын сан гэж бий. Тус сан нь олсон орлогоо төсөвт хуваарилаад үлдсэн орлогоо дэлхийн том компанийн хувьцааг худалдаж авах замаар ногдол ашиг хүртэнэ. Жишээ нь Apple, Microsoft, Torres bank, Mersedes Benz, Wolkiswagen компаниудтай хамтарч ажилладаг байна. Гэхдээ эдгээр компаниудаас ердөө 10 хувийн ногдол ашиг хүртэх зарчмаар ажилладаг гэсэн. Учир нь, үүнээс дээш тохиолдолд эрсдэл хүлээх магадлалтай гэсэн тооцоо судалгаа ч байна. Кувейтийн халамжийн систем гурван ангиллаар явагддаг. Нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт тухайн өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох. Тус улсад эрүүл мэнд, боловсролын салбар нь иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал нь үнэгүй, цэцэрлэг сургуулийг төрөөс хариуцна.
Амьжиргааны төвшин тодорхойлно гэдэгт хүүхдийн мөнгө олгох, тухайн кувейт иргэн ажил хийж байгаад ажиллах чадвараа алдсан тохиолдолд авч байсан цалинтай нь тэнцэхүйц цалинг төрөөс олгодог. Мөн тус улсын иргэн хүнд өвчин тусч өөрийн эх орондоо эмчлүүлэх боломжгүй тохиолдолд гадаад оронд эмчлүүлэх бүх зардлыг төрөөс хариуцдаг байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар (2017 он) нэг кувейт өрх улсаасаа жилд 20 мянган ам. долларын халамж авчээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Өнөөдөр Кувейт улсад 4 сая гаруй иргэн амьдарч буй. Үүнээс үндсэн кувейт иргэдийн тоо 1.4 сая гаруй юм. Үлдсэн нь гадаадын оршин суугчид, цагаач иргэдийн тоо эзэлдэг. Дээрх халамжийн систем нь зөвхөн кувейт иргэдэд үйлчилдэг. Халамж тэтгэмж нь хэдийгээр ийм өндөр ч тэд гадаад орнуудаас ирж суурьшин амьдарч байгаа иргэддээ ихээхэн хүндэтгэлтэй ханддаг ажээ. Тэдгээр иргэдийн улс эх оронд нь оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа хэлж байсан юм. Энэ нь тэдний ардчилсан, хүнлэг нийгмийг цогцлоох гэсэн том зорилгын нэг болов уу. Кувейт улс Үндсэн хуульдаа Хаант засаглалтай хэдий ч хагас ардчилсан гэж үздэг байна. Учир нь шийдвэр гаргах эрх мэдэл хаанд байдаг ч парламентын гишүүд нь сонгогддог. Харин Арабын зарим бүс нутагт парламентын гишүүдийг нь томилдог юм байна. Харин Кувейтэд сонгогдож хууль тогтоох үүрэгтэй. Хуулийг хаан нь гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тиймээс үүнийг хагас ардчилсан гэж үздэг байна. Тус улсын халамжийн өөр нэг сонирхолтой хэлбэр нь шатахууны үнийг бодлогоор хямд байлгадаг. Нэг литр шатахуун монгол мөнгөөр 800 төгрөг. Зөрүү мөнгийг нь төсвөөс гаргадаг. Нөгөө талаар газрын тос арвин хэдий ч усны гачигдал байдаг аж. Энэ нь улс эх орны хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа аж. Тиймээс тэд ундны усны шинэ технологийг нэвтрүүлэхээр туршиж байна. Ингэхдээ далайн усаа цэвэршүүлж хэрэглэх зарчмыг илүүд үзэж байгаа бөгөөд энэ талаараа бусад орнуудтай хамтарч ажиллаад эхэлжээ. Тэгвэл Монгол Улстай зах зээлийн хувьд ямар зарчмаар ажилладаг вэ. Энэ талаар сонирхоход, “Арабын орнуудын иргэдийн хэрэгцээг Монголын ноолууран бүтээгдэхүүн хангах боломжтой. Эхний компаниудын санал ирсэн. Үүнийг судалж байгаа. Харин олон жилийн турш ярьсан газрын тосны нийлүүлэлтийн асуудал дээр дараах байр суурьтай байдаг аж. Нэгдүгээрт, Монгол Улсад боловсруулах үйлдвэр байхгүй, хоёрт, далайд гарцгүй болохоор тээврийн зардлаа яаж шийдэх нь тодорхойгүй, гуравдугаарт, Кувейт улсын газрын тосны олборлолт багассан учраас Монгол Улсад нийлүүлэх боломжгүй гэсэн хариулт өгдөг байна. Хэдийгээр газрын тосны нийлүүлэлт манай хоёр орны хувьд ийм байдаг ч Кувейт улсын буцалтгүй тусламж дэмжлэгийн тухайд ийм тоо баримт бий. Өнгөрсөн хугацаанд Кувейт улс Монгол Улсад 78 сая ам. долларын зээл, 13 сая гаруй ам. долларын буцалтгүй тусламж олгожээ. 1996-2010 онд Дархан Эрдэнэтийн хооронд 181 км зам, Эрдэнэт- Булган- Уньтын хоорондох 146 км зам, Уньт- Тариалангийн хооронд 88 км замын хөрөнгө санхүүжилтийг шийдсэн байна. Нийт 415 км автозамыг тавихад 58 сая ам. доллар, Говь- Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам. долларын зээл олгосон байна. Мөн Түлэнхийн төвийн барилгыг барьж дуусгах төсөлд 8 сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгоод буй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилцааны салбар эрчимтэй хөгжиж хоёр орны харилцаа улам нягтарч байгааг тэд онцолсон. Энэ тухай Кувейт улсын Мэдээллийн яамны Мэдээ, улс төрийн нэвтрүүлэг хариуцсан туслах сайд Мухаммед бин Нажжи хэлэхдээ, “Кувейт Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 43 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын хоёр сэтгүүлч Монгол Улсын талаар сурвалжлага бэлтгэж үзэгчдэд хүргэсэн. Цаашдаа Монголын талаархи мэдээллийг бид бэлтгэн хүргэж сурталчлах зорилготой байна. Тиймээс эхний ээлжид Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг урьж телевизийн ярилцлагад оролцуулахыг хүсч байна. Мөн МҮОНРТ-ийнхэн хамтран ажиллах саналтай байгаагаа хэлмээр байна” гэсэн юм.
Кувейт айлд зочилсон нь
Ингээд бидний дараагийн очсон газар бол Кувейт улсын иргэн Мутлак Аль- Жиан эрхмийнх байв. Хотын төвөөсөө бага зэргийн зайдуу амьдрах эднийх тохилог сайхан амьдардаг аж. Хоёр давхар бүхий орон сууцтай, өрөө тасалгаа нь том юм. Биднийг гэртээ ирэхийг зөвшөөрсөн Мутлак Аль Жиан гуай “Сайн уу, юу байна даа” гэсэн хоёр монгол үгийг хэлээд, миний хамгийн сайн мэддэг үг гээд инээмсэглэж байлаа. Түүнтэй хамт түүний хоёр хүү, шадар туслахууд нь биднийг хүлээж авсан юм. Энэ эрхэм бол Монголд элэгтэй нэгэн. Жил бүр Монголд ирж амардаг. Монголын тал сайхан нутаг, монгол хүний зочломтгой зан чанарт нь татагддаг гэсэн. Кувейт улсаас Монголын хилийн дээсийг алхсан анхны кувейт хүн. Тиймээс ч тэрбээр Кувейт Монголыг холбосон гүүр гэдгээр нь анддаггүй юм билээ. Ингээд Мутлак Аль-Жиантай ярилцлаа.
Мутлак Аль-Жиан: Монгол Улсын асар хурдтай хөгжлийг хараад баярладаг
-Ноён Мутлак Аль Жиан, таны Монголтой анх танилцсан түүхийг талаар сонсохыг хүсч байна. Та энэ тухайгаа ярьж өгөөч?
-Юуны өмнө манай гэрт хүрэлцэн ирсэн Монголын сэтгүүлчдэд баярласнаа илэрхийлмээр байна. Би жирийн нэг бизнесмэн хүн. Монголын талаархи анхны мэдээллийг 1988 онд номноос авч байлаа. Танай сайхан орны байгалийн үзэсгэлэнт газруудын талаар мэдсэн цагаасаа хойш Монголд очиж үзэх юм сан гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон. Ингээд 1993 онд анх удаа Монголд очсон. Уг нь 1990 онд очих байсан боловч Иракийн эзлэн түрэмгийлэл болоод явж чадаагүй. Гэсэн хэдий ч Монгол явах хүсэл минь хэвээр л байсан. 1992 онд Хятад улсад очоод виз хүссэн боловч амжилтгүй болсон. Үүний дараа 1993 онд Монголд очих виз гарсанд хязгааргүй их баярлаж билээ.
-Та тэр үед ямар ажлаар ирсэн юм бэ?
-Монголын Биологийн судалгааны хүрээлэнгийнхэнтэй шонхор судлалын чиглэлээр анхны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлсэн. Одоо үүнийгээ Шонхор судлалын төв болгон хөгжүүлж байгаа. Намайг анх Монголд ирэхэд хамгийн их тусалсан хүний нэг бол тухайн үеийн Биологийн судалгааны хүрээлэнгийн захирал Болд байсан. Бидний эхлүүлсэн анхны ажил амжилттай явж байгаад талархаж явдаг.
-Тухайн үед таны талаар Монголын хэвлэлүүд онцолж байсан санагдана?
-Тийм ээ. (нандигнан хадгалсан сонины хайчилбар үзүүлэв.) Бидний үйлс зорилго зөв байсныг Монголын томоохон хэвлэлүүд онцолж байсан. Бид шонхор судлалын чиглэлээс гадна Кувейтэд Монголын хонины махыг оруулж ирэх талаар ярилцаад, манайхаас хүмүүс очиж судалгаа хийгээд буцсан. Үүний хажуугаар монголын шонхоруудад дугаар зүүлгэн хөдөлгөөнийг нь судалж байв. Энэ судалгаагаа бид өвөл, зун хийсэн нь амжилттай болсон.
-Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээ эргэн дурсахгүй юү. Тэр үед манайх ямар байсан бэ?
-Би энэ тухай одоо ч гэсэн сайн санадаг, бас ярих дуртай. 1993 онд Монголд (хөдөө орон нутагт )зочид буудал гэж байгаагүй. Улаанбаатар хотод Баянгол зочид буудал байсан. Бидний ажил хөдөө байсан учраас хамгийн түрүүнд бидэнд машин хэрэгтэй байлаа. Ингээд машин худалдаж авъя гэхээр машин байхгүй, хөдөө явах гэхээр машин олдохгүй зовлонтой. Ажлаа хийхийн тулд машин олох гэж багагүй асуудалтай тулгарч байсан. Гэхдээ монгол иргэд маш зочломтгой, найрсаг байсан нь миний ажилд их нөлөөлсөн. Тиймээс ажил маань бүтэмжтэй байсан. Өөр нэг сонирхолтой зүйл нь оройн 21 цагаас хойш Улаанбаатар хот ямар ч хөл хөдөлгөөнгүй болдог байсан. Хөдөө очоод Монголын говь нутгийг хараад ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй уулга алдаж байлаа.
-Та Монголд хэдэн удаа очсон бэ?
-Би Монголд 25 жилийн турш тасралтгүй очсон. Миний хүү Насер Мутлак Аль-Жиан долоон настай байхдаа надтай хамт Монголд очиж байсан. Манайх гэр бүлээрээ жил бүр очдог юм. Намайг найзууд маань хагас кувейт, хагас монгол гэж нэрлэдэг. Би ч энэ нэрэндээ дуртай.
-Та тэгвэл Монголын хөгжлийн талаар багагүй зүйл ярих юм байна?
-Тэгэлгүй яахав. Монгол Улс сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа. Ялангуяа гадаад харилцааны салбарын хөгжлийг онцолмоор байна. Одоо Монгол руу зорчиход ямар ч асуудал байхгүй болсон. Мөн дэд бүтэц, зочид буудал, барилгын салбар илүү их хөгжлийг дагуулж байна уу гэж боддог. Үүнээс гадна иргэдийнх нь боловсрол мэдлэг өндөр болсон. Хамгийн чухал нь Монгол хүний зочломтгой, нүүдлийн соёл иргэншил нь хадгалагдаж байгаад нь талархал явдаг. Миний байнга Монгол руу тэмүүлэх сэтгэл бол та бүхний сайхан зан заншил байдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна. Удахгүй Монголд уулзахын ерөөл тавья.
-Баярлалаа та бүхэнд.
Персийн булан дах арлын улс болох Кувейтийн хөгжлийг тольдоход ийм байна. Газар нутгийн хувьд 20 мянга гаруй орчим ам.дөрвөлжин талбайтай, газрын тосны олборлолтоороо дэлхийд арваннэгдүгээрт жагсдаг тус орны хөгжлийн хоймор нээлттэй, ардчилал хүний эрхийг дээдэлсэн, бусдыг хүндэтгэх өндөр ёс зүйтэй амьдардаг нь улсынхаа хөгжлийн түлхүүрийг зангидсан мэт санагдлаа. Баялгийн зөв хуваарилалт, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, ирээдүйн хойч үеийн боловсрол, мэдлэг иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааны төвшинд Эмирээсээ эхлээд энгийн иргэн хүртэл санаа тавьж хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаж, амьдарч байгаа нь хойч үеийн Кувейт улсын хөгжлийг галт тэрэгний хурдаар тодорхойлж байна.
Эль- Кувейт хот.
Сэтгүүлч В.Сарантуяа