1960-1990 оны үед хийгдсэн геологийн судалгааны тайланг ОХУ-аас Монголын талд ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайлангуудын хувийг ОХУ-аас Монголын талд шилжүүлж өгсөнтэй холбогдуулан ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Манай улсад 1960-1990 оны үед хийгдсэн геологийн судалгааны тайланг ОХУ-аас Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ажил олон жилийн өмнөөс яригдаж, өндөр дээд түвшний уулзалтууд болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаануудаар тогтмол хэлэлцэгдэж ирсэн.
Хоёр талын холбогдох байгууллагууд олон удаа уулзаж яриа хэлэлцээ хийсний үр дүнд геологийн судалгааны ажлын тайлан болох 70 ширхэг CD болон 61 хуудас холбогдох материалыг ОХУ-ын “Росгеолфонд”, манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн материалыг УУЯ-нд хүлээлгэн өгч байна.
ОХУ-ын Засгийн газрын зүгээс энэхүү үнэтэй материалуудыг бидэнд үнэ төлбөргүй шилжүүлж өгч байгаад талархаж байна. Эдгээр тайлан материалуудтай зохих журмын дагуу хандаж танилцах боломжтой" гэлээ.