Д.Цогтбаатар сайд “Торгоны замыг“ дэмжих бүлгийн бага хуралд оролцож байна

2018 оны 3 сарын 14

Arslan.mn

“Торгоны замын эдийн засгийн бүс дэх хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор энэ 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн Олон улсын анхдугаар бага хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар оролцож байна.

Бага хуралд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн “Торгоны замыг дэмжих бүлгийн 22 гишүүн улсын 80 гаруй төлөөлөгч оролцож, Торгоны замын бүсэд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэр, ложистикийг хялбаршуулах, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлж, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг үндсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцэж байна.

Бага хурлын эхний өдөр болсон бүгд хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлохын хамт Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачлагууд, нэн ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлагыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэв. Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлага нь дан ганц худалдаа, эдийн засаг бус соёл, хүмүүнлэг, хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг сайд Д.Цогтбаатар онцлов.

Мөн Торгоны замыг сэргээн хөгжүүлэх санаачлагын хүрээнд шинэ санал, санаачлага гаргасан, өсөх ирээдүйтэй залуу дипломатууд, судлаачдыг дэмжих тэтгэлэг бий болгох санал дэвшүүлэв.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор тус байгууллагын гишүүн улсуудын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд оролцож байна.

Минск хотноо 2017 оны 7 дугаар сард болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр “Торгоны замыг дэмжих бүлэг” байгуулагдсан бөгөөд тус бүлгийн зорилго нь ЕАБХАБ-ын гишүүн улсуудын эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дөхөм үзүүлэхэд чиглэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54858
0 эможи
keyboard_arrow_up