Х.Баделхан сайд Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцав
Барила, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит, Алтан гадас одонт Барилгын политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Х.Баделхан сайд, “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Монголын барилгачид олон улсын түвшинд нийцэхүйц инженерийн болон барилга архитектурын шийдлийг гаргах чадвартай болсон. Үүний дүнд Монгол Улсын нүүр царай, хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх хот байгуулалтын салбар хөгжсөөр байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдацтай уялдан барилга, хот байгуулалт, газар болон геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг оновчтой болгох, нэгэнт бий болсон барилга байгууламжуудын засвар үйлчилгээ, өнгө үзэмж, бат бэх байдлыг сайжруулах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс, талбайг өргөтгөн тэлэх, шинэ суурин газрыг төлөвлөх зэрэг нь өнөөгийн барилгын салбарынхны гол зорилт болж байна. Энэ бүх ажлыг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон ирээдүйн мэргэжилтэн та бүхэнд сурлагын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Тус коллеж нь цахилгааны техникч, сантехникийн техникч, иргэний барилгын техникч, барилгын угсралтын техникч, геодезийн техникч, сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникч, барилгын материалын үйлдвэрийн техник технологич гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Уулзалтын үеэр сургалтын орчны нөхцлийг сайжруулах техник технологиин оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр ХБНГУ-ын шинжлэх ухаан, технологийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлж буйгаа тус коллежийн удирдлагууд танилцууллаа.