Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
“Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.
Товч мэдээ
- Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх юм. Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь БСШУС-ын сайд байсныг Эрүүл мэндийн сайд байхаар өөрчлөв. Мөн Монгол-Болгарын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн дарга нь Эрүүл мэндийн сайд байсныг өөрчилж БСШУС-ын сайд байхаар тогтлоо.