Эрчим хүчний салбарт Оросын олон компани хамтран ажиллах сонирхолтой байгааг А.В.Новак онцолжээ
Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новактай 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.
Уулзалтад Оросын талаас ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский, ЭХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, орлогч дарга нар болон яамны бусад удирдах албан тушаалтнууд, Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, харьяа газрын дарга нар, “Диспетчетрийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл оролцов.
Уулзалтаар Эрчим хүчний салбарт хамтран ажиллах “Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Оросын олон компани хамтран ажиллах сонирхолтой байгааг Эрчим хүчний сайд А.В.Новак онцоллоо.
Мөн энэ үеэр Монгол, Оросын эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж, цаашдын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
|