Ч.Сайханбилэгийн удаах буруутгал
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш тус төсөл дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангана” гэсэн үүргийг хөрөнгө оруулагчдад / Рио Тинто/ хүлээлгэсэн байдаг.
Тэгвэл хөрөнгө оруулагчдад хүлээлгэсэн энэхүү үүргийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрээр түдгэлзүүлээд байжээ. Ийнхүү гэрээний үүргийг түдгэлзүүлэхийн тулд “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ" гэдгийг байгуулж, уг гэрээндээ “эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангах үүргээ биелүүлэхгүй байж болохыг Засгийн газар зөвшөөрч байна” гээд энэ тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн гэж тооцохгүй хэмээн тохиролцсон байсан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр мэдээллээ.
Үйлчлэх хугацааг нь тодорхой заагаагүй уг гэрээг өнөөгийн Засгийн газар өнгөрсөн намар мэдсэн бөгөөд үүнээс хойш Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай ярилцаж, улмаар энэ оны нэгдүгээр сарын 30-нд цуцалсан гэдгээ Эрчим хүчний сайд тайлбарлав.
Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар бол Оюутолгой төсөл өнгөрсөн 2017 оны долоодугаар сараас эхлэн эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах ёстой байжээ. Гэтэл энэ заалтыг 2014 онд байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ 1.4.1 дүгээр заалтаар түдгэлзүүлээд байжээ.
Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэх зүйлийг байгуулж, Хөрөнгө оруулагчдын хүлээсэн үүргийг түдгэлзүүлсэн Ч.Сайханбилэгийн алхмыг Эрчим хүчний сайд "жүжиг" гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг түдгэлзүүлэх хэмжээний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж сайд Ц.Даваасүрэн үзэж байгаа аж.
УИХ-аар хэлэлцэх ёстой асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн гэх асуудалд Ч.Сайханбилэгийн нэр холбогдож байгаа энэ тохиолдол анхных бус. Мөн нэг удаагийнх ч биш юм. “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ Монголын талд худалдах санал яригдаж байгааг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар УИХ-д танилцуулалгүйгээр Засгийн газрын түвшинд шийдвэрлээд ямарваа өрсөлдөөнгүйгээр Монголын зэс корпорацид давуу нөхцөл олгосон гэдэг буруутгал 2016 оны сонгуультай зэрэгцэн шуугиан тарсан. Мөн үүний өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардалд зориулан олон улсын 15 банкнаас тус ордын лицензийг барьцаалан 4.4 тэрбум ам.долларын зээл авах зөвшөөрлийг Дубайн гэрээгээр олгосон гэх асуудалд тэрбээр буруутгагдаж байлаа.
Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед Оюутолгойн нийт хөрөнгө оруулалтын зардал таван тэрбум гаруй төгрөгөөр яригдаж байсан бол гэрээ байгуулагдсаны дараа хоёр тэрбумаар нэмэгдсэн, яг бүтээн байгуулалт эхэлснээс хойш даруй 10 тэрбумыг давсан. Цаашид дахиад хэчнээн тэрбум ам.доллар шаардлагатай талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы хуралдаан дээр асуухад тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг 24 тэрбум ам.доллар гэсэн үг унагаж байсан удаа ч бийг энд сануулахад илүүдэхгүй болов уу. Нэг үгээр бол анх яригдсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэдэнтээ нэмэгдээд байгаа Оюутолгой төслийг урагшлуулахын тулд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг дур мэдэн байгуулсан хэмээн цагаатгагдаад өнгөрсөн гэхэд болно.
Тэгвэл 2012-2016 оын хооронд эрх барьсан АН-ын хоёр дахь Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт хаяглагдсан бас нэгэн зэм энэ удаад сөхөгдөж байна. УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд парламентын оролцоогүйгээр “өөрчлөлт” хийсэн буюу Өмнийн бүсийн эрмим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэх “жүжгээр” хөрөнгө оруулагчдын хүлээсэн үүргийг түдгэлзүүлсэн гэх “ял" түүнд нэмэгдлээ.
Чухам яагаад Хөрөнгө оруулалтыг гэрээний үүргийг тудгэлзүүлэх шаардлагатай болсныг Эрчим хүчний сайд Ц.Даваасурэн “сайн мэдэхгүй байна” хэмээн сэтгүүлчдэд хэлэв. Яагаад гэдгийг тэрбээр мэдэж байгаа ч ярихыг хүссэнгүй бололтой. Тэрхүү учир, шалтгаан, улс төрийн алхмыг нь “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур" болсон Ч.Сайханбилэгээр өөрөөр нь тайлбарлуулахаар шахаж байгаа хэрэг биз.
Тавантолгойн цахилгаан станцын төсөл яагаад урагш ахихгүй байгааг шинэ Засгийн газар судлах явцад дээрх нөхцөл байдлыг буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээс чөлөөлөгдсөн нь ил болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдсэн.Тавантолгойн цахилгаан станц нь нэг тэрбум ам.долларын өртөгтэй төсөл бөгөөд энэ хөрөнгийг босгоход гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид санхүүжилт гаргахад бэлэн байгаа хэмээн тус төслийн багийн ахлагч мөн тайлбарлалаа.
Харин энэхүү нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаан дээр Рио Тинто тодорхой үүрэг хүлээх асуудал яригдаж ирсэн юм байна. Юутай ч цаашид Тавантолгойн цахилгаан станцын төсөл дээр Оюутолгой компани хөрөнгө оруулагч Рио Тинто компанитай хамтран ажиллах байр сууринаасаа татгалзаагүй, дараа дараагийн уулзалтын товыг ч тогтоосон хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн итгэлтэй мэдэгдэж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|