Нийтээр амрах өдөр бямба, нямд таарвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцохоор тусгалаа
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Оюутолгой, Тавантолгой зэрэг уурхайд гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж буй залуучуудын ажил, амралтын горимыг шинэ хуульд тусгасан.
Шөнийн цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Одоогийн хуулиар шөнийн цагаар ажилласныг зохицуулж чадахгүй байгаа. Шинэ хуулийн төсөлд шөнийн цагаар ажилласан бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгохоор тусгасан.
Оюутан залуус бүрэн бус цагаар ажилллаж, ажилласан хөлсөө цаг тухайд нь авдаг байх тухай нэлээд яригддаг. Тиймээс энэ хуулиар цалин хөлсийг бүрэн бус цагаар ажилласан бол бүрэн цагаар ажиллах ажлын хөлснөөс багагүй байхаар тусгасан.
Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлуудыг шүүхийн шатанд очихоос өмнө шийддэг, эвлэрүүлэн зуучилдаг байх, үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөн шийддэг байх талаар зохицуулалт оруулсан.
Нийтээр амрах амралтын өдөр долоо хоногийн бямба, ням гарагт таарвал амралтыг дараагийн ажлын өдөрт шилжүүлэн тооцдог байх хуулийн зохицуулалтыг тусгалаа гэж мэдээлэв.