Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Аймгийн дарга нар эдийн засаг, нийгэм, өвөлжилтийн байдал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийх ажил зэргийн талаар Ерөнхий сайдад танилцуулав.
Тус аймаг эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч “Хавдаргүй Сүхбаатар аймаг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван суманд 210 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашин өгчээ.
Мөн боловсролын салбарт 670 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ жил Баруун-Урт суманд 960 хүүхдийн сургууль, Уулбаян суманд 75 ортой дотуур байр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд 200 хүүхдийн цэцэрлэг, Халзан, Мөнххаан суманд 240 суудалтай Соёлын төв, Дарьганга суманд 10 ортой Эрүүл мэндийн төв шинээр барих юм. Орон нутгийн хөрөнгө орууулалтаар 5.1 тэрбум, улсын төсвийн долоон тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран Халзан зэрэг сумын сургууль, цэцэрлэгт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
Аймгийн удирдлага Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилттай замын концесс, Бичигт-Хөөт чиглэлийн төмөр зам барих хөрөнгө оруулалт, Баруун-Урт сумын Дулааны станцыг өргөтгөх болон нэр бүхий сумдад Соёлын төв, цэцэрлэг, сургууль барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахад анхаарахыг Ерөнхий сайдаас хүсэв.
Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан ажлаа чанартай хийж гүйцэтгэн, үр дүнгээ тайлагнах, иргэдэд түргэн шуурхай, элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх, санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж хариу өгч байх, бүтээн байгуулалтын ажлаа цаг хугацаанд нь хийхийг үүрэг болголоо.
Татвар төлөгчдийн мөнгөөр идэх хоолтой, албан тушаалтай яваагаа өглөө бүр санаж иргэддээ үйлчил. Дотоод улс төрөө зогсоо. Талцаж, намчирхаад байвал орон нутаг хөгжихгүй гэдгийг хатуу анхааруулав.