АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хаалтын арга хэмжээ болов
2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал өнгөрсөн оны туршид хамтран өргөнөөр тэмдэглэж, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо хаалтын арга хэмжээг АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулав.
Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэхдээ өнгөрсөн хугацаанд АНУ-ын зүгээс манай улсын ардчилсан, чөлөөт, зах зээлийн эдийн засагтай, хүний эрх, эрх зүйт ёсыг дээдэлсэн хөгжлийн замыг сонгоход эхнээс нь тууштай дэмжиж ирсэнийг онцолсон.
Ойн хүрээнд Улаанбаатар, Вашингтон хотноо хоёр талын харилцааг хамарсан олон чухал айлчлал, арга хэмжээ болсон. Тухайлбал, Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилсан, АНУ-ын Конгресст найрамдлын бүлэг дахин байгуулагдсан, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулж, гэрээ байгуулах бэлтгэлийг талууд ханган ажиллаж байгаа зэргийг дурьдаж болно.
Мөн Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг АНУ-ын томоохон хотуудад, АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монголд тус тус тоглолт хийж, “Fulbright”, “FLEX”, “LEAD” зэрэг олон хөтөлбөр, төслүүдэд манай орны иргэд, залуучууд амжилттай хамрагдаж байна. Монгол Улс АНУ-ын H-2A болон H-2B ангиллын виз мэдүүлэх эрх бүхий орнуудын жагсаалтад анх удаагаа багтсан.
Түүнчлэн 2018 оны 1 дүгээр сарын 20-нд Монгол, АНУ-ын ГХЯ-д хоорондын XII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, талууд хоёр талын харилцаандаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагаа, тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан ярилцаж, хамтран тодорхойлсон болно.