Н.Цэрэнбат сайд сайжруулсан түлшний үйлдвэрүүдтэй танилцлаа
Н.Цэрэнбат сайд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар Говьсүмбэр аймагт ажиллаж, шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2019 оноос эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хотруу оруулахыг хориглох шийдвэр гарсан учир гэр хорооллын айлуудыг эхний ээлжинд сайжруулсан түлшээр хангах ажлын бэлтгэлийг хангах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Нийслэлийн гэр хороололд 205 орчим мянган өрх байдаг бөгөөд эдгээр өрх айл өвөлдөө 600 мянган тонн нүүрс түлдэг гэсэн тооцоо бий. Тэдний хэрэгцээг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажлыг хангах зорилгоор БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, Эрчим хүчний сайд нарын хамтарсан ажлын хэсэг байгуулж, шахмал түлш үйлдвэрлэгчидтэй уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд үйлдвэрлэгчид нэгдэж, хамтарсан консерциум байгуулах замаар гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангах тохиролцоонд хүрээд байгаа юм.
Ингээд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэртэй танилцах саналыг тавьсны үндсэн дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид Говьсүмбэр, Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй 4 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Сард 100 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Дуулганат өлзий” компани нь өөрийн нүүрсний уурхайд түшиглэн нүүрс угаах үйлдвэр байгуулсан байна. Эднийх боловсруулсан нүүрснийхээ 60 хувийг экспортолж, 40 хувийг нь Эрдэнэт, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр зэрэгт нийлүүлдэг аж. Нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангахын тулд бүрэн хүчин чадлаараа 24 цаг ажиллахад сардаа 150 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх боломжтой талаар тус компанийн захирал хэлж байсан юм. Дээрх компанитай мөн адил хүчин чадал бүхий “Дэрст тохой” компанийн үйл ажиллагаа 2014 оноос хойш зогссон ч бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 мянган тонн сайжруулсан түлшийг нийлүүлэх боломжтой юм байна. Дээрх компаниудаас гадна бага оврын сард 15 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадал бүхий “Баялаг эрдэнэ цом”, 50 мянган тонныг нийлүүлэх хүчин чадалтай “УСУ каол” зэрэг үйлдвэрүүдээр ч мөн орсон.
Энэ үеэр Н.Цэрэнбат сайд “Та бүхэн нэгдээд консерциум байгуулах замаар хэн хэдэн тонн сайжруулсан нүүрс нийлүүлэх вэ гэдгээ тохирохын дээр хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Түүхий нүүрсний хэрэглээг эхний ээлжинд Улаанбаатар хална. Цаашид аймаг, орон нутагт халах учир та бүхэнд зах зээл байна гэж үзэх хэрэгтэй. Та бүхэнд тавьж буй шаардлага маш энгийн нэгдүгээрт нийлүүлж буй бүтээгдэхүүн чинь чанарын шаардлага хангасан байх шаардлагатай. Тиймээс бид та бүхний бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулахаар холбогдох албаныхныг өнөөдрийн уулзалтад авчирсан. Хоёрдугаарт хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай байх ёстой. Ингэж чадвал төрөөс та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм. Үйлдвэр эрхлэгчдийн хувьд өмнө нь төрөөс ямар нэгэн байдлаар ингэж өөрсдийг нь нэгтгэж, уулзалт хйиж, үйлдвэрүүдтэй нь танилцаж байсан удаагүй гэдгийг хэлээд консерциумаа мэргэжлийн түвшинд байгуулж, утааг бууруулахад өөрсдийн чадах чинээгээр хамтарч ажиллаж, хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ энэ үеэр дуулгасан юм.