Сааль сүүний цагаар гадаадад ЖААЛСАН САЙД
Сайд Д.Сумъяабазар салбарын асуудлаа хөсөр орхиод гадаадын орнуудыг хэсэж явна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим хуудас өнөөдөр гэнэтхэн Д.Сумъяабазар сайдын айлчлалын мэдээнүүдээр дүүрлээ. Монгол Улс шатахууны хомсдолд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд салбарын яам болон Засгийн газараас тодорхой арга хэмжээ авсангүй. Иргэд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэж чих тавин суугаа. Тэдний сонсохыг, уншихыг хүсч байгаа мэдээлэл нь шатахууны хомсдлыг хэрхэн зохицуулахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл. Гэвч иргэдээ тавлаж байгаа юм шиг сайдынхаа гадаадад “аялаж” яваа тухай мэдээллүүдийг бөөнд нь нийтэлжээ. Үүнийг нь харсан иргэд бухимдах нь ойлгомжтой. Ядаж асуудлыг нь шийддэггүй юм аа гэхэд бухимдуулах зүйл хийхгүй байх мэдрэмжтэй баймаар.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын айлчлалын маршрут энэ сарын 15-нд Хонконгоос эхэлж Казахстанаар дамжин Швейцарьт хүрчээ. Шатахууны хомсдлоос ч илүү чухал асуудал шийдэх гэж гадаад руу явсан бол иргэд ойлгоно. Гэтэл албан мэдээнүүдээс нь харахад шийдвэрлэсэн томоохон асуудал гэж алга. Д.Сумъяабазар сайд Х.Нямбаатар гишүүний хамт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт энэ сарын 15-16-нд болсон “Азийн санхүүгийн чуулга уулзалт”-д оролцжээ. Ингэхдээ Блүүмбэрг, CNBC санхүүгийн мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч, Японы Токио-Мицубиши ЮуЭфЖэй Банкны Азийн бүсийн ахлах менежер Хироши Ямашита, Австралийн парламентын гишүүн, Төсвийн орлого, санхүүгийн үйлчилгээ эрхэлсэн сайд Келли Двайер, Хонконгийн Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн хэлтсийн дарга Ромнэш Ламба нартай уулзаж санал солиолцсоноос хэтрээгүй байна. Ямар нэгэн албан бичигт ч гарын үсэг зураагүй бололтой.
Тодорхой үр дүнгүй гэж хэлж болох Д.Сумъяабазар сайдын айлчлал 20-21-нд Бүгд найрамдах Казахстан улсад үргэлжилжээ. Айлчлалынхаа үеэр Казахстаны “Тау-Кен Алтын” алтны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн захирал Мейрамгали Тлеужанов тэргүүтэй төлөөлөгчидтэй мөн л санал солилцсон байна. Энэ бүхнээс харвал Д.Сумъяабазар сайдын Азийн орнуудад хийсэн айлчлал танилцаж, санал солилцохоос хэтэрсэнгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тив алгасан нисч Швейцарьт хүрчээ. Тэрээр одоо Швейцарын холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт оролцож байна. Д.Сумъяабазар сайд уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох ажээ. Харин Давосаас цааш хаашаа явах тухай мэдээлэл яамных нь цахим хуудсанд байсангүй. Ямартай ч цаашаа явахгүйгээр наашаа ирэх бололтой. Тиймээс машинаа түрээд ч болтугай нисч иртэл нь хүлээхээсээс өөр арга алга. Эх оронд нь шатахууны үнэ тонгочиж байхад гадаадад тогтвортой эдийн засгийн тухай яриад явж байна гэдэг юу гэсэн үг вэ. Бас л уужуухан дотортой байгаа биз.
Эх сурвалж: ZUV.MN
|