АНУ-д түр хугацаагаар ажиллах Н-2 виз мэдүүлэх ЖУРАМ
Энэ сарын 20-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар мэдээлсэн.
Америкийн компаниудад түр хугацаагаар ажиллах боломж олгодог Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараа "АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна" гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулсан.
Тэгвэл Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамнаас Н-2 ангиллын цагаачлалын бус ажлын визний талаар мэдээллийг гаргажээ.
Тус мэдээлэлд “H-2 визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй”-г анхааруулсан байна.
Н-2 ВИЗ МЭДҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрх гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 ам.доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлагад ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
H-2 визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр албан ёсны цахим хуудсуудаас авах боломжтой: