АНУ-д ажиллах H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ
Монгол Улс АНУ-ын Цагаачлалын бус ажлын хөтөлбөр буюу H-2A болон H-2B виз мэдүүлэх эрхтэй орнуудын жагсаалтад багтах боллоо. Ингэснээр улирлын чанартай хөдөлмөр эрхлэх “H2” ангиллын визийг мэдүүлэх эрх нээгдэнэ гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. H-2A болон H-2B виз мэдүүлэх эрхтэй орнуудын жагсаалтад 82-83 улс багтаж байгаа ажээ. Бямба гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол Улсад хүрэлцэн ирж визийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийнэ. Ийнхүү албан ёсоор баталгаажуулж, АНУ-ын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх хүлээлттэй байгаа аж. Визэд хамрагдах иргэдэд тавих шаардлага нь ажлаа гүйцэтгэсний дараа эх орондоо эргэж ирэх ёстой. Энэ жил визийн журам зөрчсөний улмаас гурван улс АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтаас хасагдсан ажээ. Түүнчлэн өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар БНСУ-д нэвтрэх олон удаагийн визийг иргэдийн эрх ашигт илүү нийцсэн байдлаар өөрчлөхөөр ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд онцоллоо.