ЗГ: Ирэх сараас тэтгэврийг 27000, халамжийн тэтгэмжийг 15000 төгрөгөөр нэмэхээр боллоо

2018 оны 1 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настны болон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгнээс нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Arslan.mn

Энэхүү шийдвэрээр ахмад настны тэтгэвэр 27 мянган төгрөгөөр, нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг аж. Харин байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна. Энэ оны төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг батлаад байгаа юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52624
1 эможи
keyboard_arrow_up