ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байна
Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын Ногоон долоо хоног үзэсгэлэн яармаг, Дэлхийн Хөдөө аж ахуйн сайд нарын 10 дахь чуулга уулзалтад оролцож байна. 1926 оноос жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээний 83 дахь энэ удаагийн үйл ажиллагаанд дэлхийн 74 орны Хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж ажилладаг сайд, дэд сайд нар нэг дор цуглаж салбарынхаа ололт амжилт, шинэ санаачилга, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдээллээ солилцож байна.
Мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын олон улсын мэргэжилтнүүд нэг дор цугладаг ийм арга хэмжээг зөвхөн ХБНГУ зохион байгуулдаг учраас энэхүү үйл ажиллагааны үеэр томоохон үзэсгэлэн яармаг гарч энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийнхэн шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологи, бүтээгдэхүүнээ олон улсын мэргэжилтнүүдийн өмнө дэлгэж дэлхийн анхаарлыг татдаг юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 1600 оролцогч байгууллагын 100 мянга гаруй бүтээгдэхүүн оролцож байна. Үзэсгэлэн яармагийг 400 мянга гаруй үзэгчид үзэж сонирхохоор бүртгүүлжээ.
Олон улсын Ногоон долоо хоногт манай улс 7 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд ноён К.Шмиттэй хоёр талын уулзалт хийнэ. Уулзалтаар Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг удирдлага болгон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг баримтлан хамтын ажиллагааны тодорхой саналуудыг дэвшүүлэх юм.