Д.Цогтбаатар: Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийдсэн
Европын холбоо Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсан билээ. Харин энэ жагсаалтаас гаргах болсон талаар өнөөдөр болсон ГХЯ-ны мэдээллийн цаг хэвлэлийн бага хурлын үеэр салбарын сайд мэдээллээ.
Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар "Европын жагсаалтын тухайд ГХЯ, Сангийн яам, ХЗДХ-ийн яам хамтарч, идэвхтэй ажилласан. Европт байгаа бүх ЭСЯ жагсаалтаас гаргах тал дээр тодорхой идэвх зүтгэл гаргалаа.
Нэгдүгээр сарын 18-нд Брюссельд байгаа Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт боллоо.
Уулзалтаас Монгол Улсыг жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ. Энэ саналаа дараагийн буюу 23-нд болох хуралд оруулахаар болсон байна. Бид нар эндээс эерэг үр дүн гарна гэж итгэж байгаа.
Өчигдөр яг энэ хурлын өмнө Элчин сайд нартай ГХЯ-д уулзалт хийсэн юм. Жагсаалтаас гаргах асуудалд дэмжлэг үзүүлж, Гадаадад байгаа төлөөлөгчийн газрууддаа чиглэл өгч ажиллаачээ гэдэг хүсэлт тавьсан.
Цаашдаа дараагийн хурлын бэлтгэлийн хүрээнд өөрсдийн нөхцөл байдлыг тайлбарлаж ажиллана.
Монгол Улсыг жагсаалтаас гаргаад өгөөчээ гэдэг гуйлт маягаар биш бид нар яагаад тэр жагсаалтад байх ёсгүй вэ гэдэг үндэслэл, тайлбараа бүрэн хэмжээгээр нь гаргаж өгч, Европын холбооноос тавьж байгаа шаардлага нөхцлийг биелүүлж ажилласан учраас тодорхой үр дүн гарч байна" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|