“Д.Загджавыг эгүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэв“
Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр суурийг хэвлэл мэдээллээр илэрхийлээд буй. Тэгвэл өнөөдөр Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр сайдаас тодруулга хүслээ.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар " Манай яамны дэд сайд Д.Загджав "Оюутолгой"-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдын байр суурь биш. Мөн Засгийн газрын байр суурь биш гэдгийг онцолъё.
Нэгдүгээрт хүүгийн зардлыг буулгах, хоёрдугаарт өгөөжийн асуудлыг шийдэх ёстой. Яагаад Монголын тал өгөөжгүй байна гэхээр одоо явуулж буй зардлынхаа хяналтыг сайжруулах ёстой. Ер нь цаашлаад ТУЗ нь ТУЗ шигээ байх ёстой. Хувьцаа эзэмшигчид буюу Засгийн газраа мэдээллээр хангах ёстой.
8.4 хувийн хүүтэй нөхцлөөр Монгол Улсад зээл олгоод үйл ажиллагаа явуулаад байгаа. Цаанаасаа 3-4 хувийн эх үүсвэртэй байна. Дундаас нь 4.4 хувийн хүү авна гэдэг нь хамтын ажиллагаанд сөрөг байна. Эхний ээлжинд энэ хоёр дээр бид фокуслаж ажиллах ёстой гэж үзэж байна.
Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө.
Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэж байр суурь илэрхийллээ.