У.Хүрэлсүх: Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

2018 оны 1 сарын 06

Arslan.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Улаанбаатар хотын гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд орох нөхцөлийг бүрдүүлэхдээ хот төлөвлөлтийн судалгаанд үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцыг ашиглалтад оруулах зэрэг зорилт тусгагдсан.

Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан.

УИХ-аас 2017 оны 3 дугаар сард батлан гаргасан “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт:

·  Гэр хороололд амины орон сууц барихад чиглэсэн дэд бүтэц байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх,

·  Төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах,

·  Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох зэрэг томоохон зорилт тусгагдсан.

Энэ хүрээнд Засгийн газар, салбарын яамд, Нийслэлийн Засаг даргын зүгээс олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийг тохилог орон сууцаар хангах юм. 

Эрхэм гишүүд ээ,

“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах найман байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

Энэ төсөл нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамарч байна.

Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд,  491 айл өрхийн  иргэдийг түрээсийн орон сууцаар ханган,  24 айл өрхийн газрыг худалдан авсан.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9,654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2014 онд 960, 2015 онд 1,656, 2016 онд 2,273, 2017 онд 308 айлын орон сууц нийт 5,2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 28-85 м2 хооронд, нэгж талбайн дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.

Зарим нэг төсөл хэрэгжүүлэгч эрсдэл, бизнес төлөвлөгөө зэргээ нарийн тооцоололгүйгээр төсөлд оролцсоноос санхүүжилтгүй болж газар чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн зардал олгохгүй байх гэх мэт иргэдийг хохироосон асуудал гарч байна.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн боловч түр суурьшуулах байраар хангагдаж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангагдаагүй хохирсон иргэд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзан 180 өрхийг түр суурьшуулах байраар хангалаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан 1000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүснэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг байршилд дэд төв байгуулна.

БНХАУ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.

Дээр дурдсан дэд бүтцийг шинээр барьж байгуулах ажлын төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор батлан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Эдгээр ажил хэрэгжсэнээр:

Дулаан хангамжийн ажлын хүрээнд:

Яармаг орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны хорооллуудын дулааны эх үүсвэрийг “4 дүгээр ДЦС”-аас хангах, Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлэхээр Цайз, Амгалан, Чулуун овоо, Цагдаагийн орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох зэрэг нийт 9 багц төсөл арга, хэмжээг хэрэгжүүлнэ.

Цахилгаан хангамж, холбооны ажлын хүрээнд:

Гэр хорооллын нэг талын тэжээлтэй цахилгаан дамжуулах шугамуудыг тойрог схемд оруулан таслуур суурилуулснаар шугам тоноглол дээр гарсан гэмтлийг хурдан засварлах, мөн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тойрсон “Их тойруу 110КВт” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнийг дагасан салбар дэд станц болон цахилгаан дамжуулах кабелуудыг гэр хороололд барих 8 багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Ус хангамж, ариутгах татуургын ажлын хүрээнд:

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд зүүн хойд бүсийн усан санг Тасганы усан сан, 3,4 дүгээр хорооллын усан сан, 21 дүгээр хорооллын усан сантай холбох гол шугамыг шинээр байгуулна. Эдгээр шугам ашиглалтад орсноор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээний даралтыг тогтворжуулах болон хотын ус хангамжийг сайжруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх усан сангууд, төв цэвэрлэх байгууламжинд холбогдох “Туул-1” коллекторын дутуу шугамыг гүйцээх, гэр хорооллоос төвийн бохирын шугамд холбогдох томоохон ариутгах татуургын өргөтгөл шинэчлэл зэрэг 16 багц төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Гэр хорооллын инженерийн хангамжийн “Бичил дэд төв” байгуулах хүрээнд:

Дээрх хөрөнгийн зарим хэсгээр хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд” төв буюу Сервис центр төслийг хэрэгжүүлнэ.

Орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газар дээрээ оршин суух хүсэлтэй, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоогүй дундын болон захын бүсийн зарим гэр хорооллын иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Бичил дэд төв”-ийг барьж байгуулах шаардлагатай.

“Бичил дэд төв”-ийг гэр хорооллын 200 болон түүнээс дээш өрхийн дунд барьж байгуулахаар төлөвлөөд байна. Уг төвийн инженерийн дэд бүтцийн эх үүсвэрийг хийн түлш, сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэх нь байгальд ээлтэй шийдэл юм. Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн, бие даасан болон холимог шийдлээр хангах боломжтой.

Эдгээр төвүүдийг эхний ээлжинд шаардлагатай байршилд барьж байгуулснаар 10,0 мянган айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй иргэд өмчлөлийн газартаа амины орон сууц барихад ипотекийн зээлд хамрагдах боломж үүсч, олон улсын шаардлагад нийцсэн амины орон сууцны тохилог хорооллууд бий болох юм.

    Дээрх ажлууд хэрэгжсэнээр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах эхний ээлжийн 42,8 мянган айлын орон сууцны барилга, 13,3 мянган хүүхдийн сургууль, 4,7 мянган хүүхдийн цэцэрлэг, 210 хүний эмнэлгийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, иргэд оршин сууж байгаа газартаа инженерийн хангамжтай тохилог амины орон сууц барьснаар, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулна гэж тооцож байна.

Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголтын талаар:

Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь30 орчим хувьтай байна. Орон сууцны эрэлт хэрэгцээтэй боловч худалдан авах чадварын хувьд хүрэлцэхгүй байгаа, арилжааны банкнаас тавьж байгаа өндөр шаардлага, нөхцөлийг хараахан хангаж чадахгүй байгаа иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр  санхүүжүүлэхийг хязгаарласан. 

Иймээс ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг,  Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанк, Төрийн орон сууцны корпораци, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан.

  Ажлын хэсэг Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн  эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаарх саналыг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна.

Эрхэм гишүүд ээ,

  Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16 мянга, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.  Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж ашиглалтад оруулсан 1512 айлын төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлээд байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталж, зорилтот бүлгийн нийт 1512 өрхийг түрээсийн орон сууцанд хамрууллаа. Төрийн мэдлийн түрээсийн орон сууцны 725 орон сууц нь 8 аймагт, 787 орон сууц нь Улаанбаатар хотод байна. Хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж, барилга угсралт нь дуусаагүй байгаа 1560 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай. 

Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт "1000 айлын орон сууц" төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, Хот, суурин газруудад шинээр баригдах орон сууцны хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээний техникийн шийдлийг хонгилын системээр төлөвлөн, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51958
0 эможи
keyboard_arrow_up