Х.Баделхан: 20 мянган өрхийг түрээсийн орон сууцаар хангахад 1.3 их наяд төгрөг шаардлагатай

2018 оны 1 сарын 04

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

-Гэр хороололд амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг барьцаа болгож орон сууцанд оруулах саналыг Ерөнхийлөгч гаргасан. Ашиглалтад орсон ч борлуулагдаж чадахгүй байгаа орон сууцнуудыг ийм байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юу?

-Яг одоогийн байдлаар бэлэн болсон 35 мянган айлын орон сууц байна. Эдгээр орон сууцнуудын 26 мянга нь энгийн бусад орон сууц нь тансаг, бизнес зэрэглэлийнх юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангана гэсэн зорилт бий. Энэ зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно гэж манай яамнаас үзэж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна. Тэгэхээр хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Гаднаас зээл, тусламж авах юм уу. Бонд гаргаж хөрөнгө босгох юм уу гэсэн асуудлууд бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана.

-Барилгын компаниудтай энэ асуудлаар ярилцсан зүйл бий юу?

-Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан байгаа. 1.3 их наяд төгрөг гаргаад 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулбал олон талаар ашигтай. Айлууд дулаан сууцтай болно. Яндангийн тоо буурна. Зогсонги байдалд орсон барилгын салбар хямралаас гарна. Хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж шийдвэрлэнэ.

-Ирэх хавар төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Ажил явж байгаа. Бид ямар ч гэсэн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, танилцуулгаа БНХАУ-ын Худалдааны яам болон Эксим банканд хүргүүлсэн. Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдсэн. Нийт 300 сая ам.долларын хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаа барих юм. Холбогдох материалаа бид өгсөн, одоо судалгааны шатанд яваа. Энэ сард БНХАУ-д айлчилж төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, 1000 айлын орон сууц, гэр хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийх бодолтой байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хавар эхлүүлнэ.

-Гүйцэтгэгч компани хэзээ тодорхой болох вэ?

-Эхлээд БНХАУ-ын тал гүйцэтгэгч компанийг шалгаруулна. Манай төв цэвэрлэх байгууламжийг барих хүсэлтэй компани маш их байгаа. Гэхдээ төв цэвэрлэх байгууламжийн 50 хувийг Хятадын компани, 50 хувийг Монголын компаниуд барина. БНХАУ-ын Худалдааны яам сонгон шалгаруулалт зарлаад төсөлд шалгарсан гурван компанийн танилцуулгыг манай улсад ирүүлнэ. Тэр гурваас нь манайх сонгох юм.

-Ерөнхий гүйцэтгэгч нь БНХАУ-ын компани, туслан гүйцэтгэгч нь Монголын компаниуд байх нь?

-Тийм. Олон улсын зөвлөх үйлчилгээ авч байгаа. Бид урьд өмнө нь цэвэрлэх байгууламж барьж байгаагүй учраас Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас зөвлөгөө авна. Тендер шалгаруулах үйл явц, барилгын явцад тавих хяналт, ашиглалтад орсны дараа 10-20 жил хэвийн ажиллах нөхцөлийг хангахаар зөвлөх үйлчилгээг авах бодолтой байгаа.

-Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн хүчин чадал ямар байх вэ?

-Хоногт 250 мянган шоо метр  бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Барих хугацаа нь 4 жил юм билээ. Гэхдээ бид 2020 оны 5 дугаар сар гэхэд барьж дуусгахыг зорьж байгаа.   

Эх сурвалж: Zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51858
0 эможи
keyboard_arrow_up