ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжих төслүүдийн гэрээ байгууллаа

2017 оны 12 сарын 28

Эрүүл мэндийн яам 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ДОХ, сүрьеэгийн төслийн Салбар хүлээн авагч байгууллагуудтай гэрээ байгууллаа.

Ирэх гурван жилд Глобаль сангаас манай улсад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр нийтдээ 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Энэ нь Засгийн газраас эдгээр өвчинтэй тэмцэхэд гаргаж буй санхүүжилтийг орлох бус Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдаж байгаа хөрөнгийн нөхөх зорилготой байдаг. Мөн түүнчлэн Глобаль сангийн үндсэн зарчмын нэг нь ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлстэд төр засгаас гадна иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бусад салбарын оролцоог хангах явдал байдаг юм.  

Шинээр хэрэгжих сүрьеэгийн төсөл нь үндэсний хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих, оношилгооны шинэ дэвшилтэт технологийг алслагдсан орон нутагт нэвтрүүлэх, түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгоо эмчилгээг өргөжүүлэх зорилготой. Төслийн салбар хүлээн авагчаар ХӨСҮТ, ШШГЕГ-ын харья хорих 429-р анги, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг ажиллана. Эдгээр байгууллага нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу сүрьеэгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх юм. Төслийн нийт санхүүжилт 7,2 сая ам.доллар байна.

ДОХ-ын төслийн тухайд Монгол улс дахь ХДХВ-ын тархалтыг нийт хүн амын дунд бага төвшинд барих, эрсдэлт бүлгийн хүн амыг халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих зорилготой ажиллана. Нийт 3 сая ам.долларын санхүүжилттэй тус төсөл нь ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Шинэ өөдрөг амьдрал, Гал голомт үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага гэсэн зургаан салбар хүлээн авагчаар дамжуулан хэрэгжинэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51655
1 эможи
keyboard_arrow_up