Малчид, ажилгүй иргэдийн төлөх ЭМД-ын хэмжээг 50 хувиар буурууллаа
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өнгөрсөн онуудынхтай ижил түвшинд байлгахаар тогтсон ба малчид,тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл жилийн 57 мянга 600 төгрөг байсныг 50 хувиар бууруулж, 28 мянга 800 төгрөг болгохоор болжээ. Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ 2400 төгрөг болж буурч байгаа аж. Харин ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтлоо. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоолоо. Өмнө нь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг байсан бол 2016 оноос өөрсдөө төлдөг болсон юм.
Шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоосноор Эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсөж, даатгалын сангийн чадавх нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзжээ.