БХБ-ын сайд Х.Баделхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын нийт ажилтан, ажиллагсад Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.
Улиран одож буй 2017 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр нийтдээ 4.1 их наяд төгрөгийн зээлээр 92 мянган хүн орон сууцтай болж, манай иргэдийн амьдрал ахуйн нөхцөл сайжирсан сайн мэдээтэй байна. Ирж байгаа 2018 оны хувьд Барилга, хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч гол бодлогоо болгож ажиллаж байна.
Он солигдож байгаа мөчид бидэнтэй хамтран ажилладаг их барилгын салбарын үе үеийн ахмадууд, өнөөдөр ажиллаж буй нийт ажилтан, мэргэжилтэй ажилчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсье.
Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Монгол Улсын Засгийн газрын гишүүн,
Барилга, хот байгуулалтын Сайд Х.БАДЕЛХАН