Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж гардуулав
2017 оны 12 сарын 19
Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үеэр илрүүлсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Засгийн газрын гишүүн-сайдад хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжийг тус газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир гардуулан өглөө.
Зөвлөмжид:
- төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээнд үндэслэлгүй нэмэлт, төлбөр хураамж тогтоохгүй байх,
- салбарын хэмжээнд худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, иргэд, олон нийтийн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх,
- эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болон албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх механизмыг тодорхой болгох, дотоод хяналтын тогтолцоог зохистой бүрдүүлэх,
- Ёс зүйн хяналтын хороо, салбар хороодын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тайлан мэдээг сар, улирал, жилийн давтамжтай хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, түүний мөрөөр авсан арга хэмжээг олон нийтэд ил, тод мэдээлж, хэвшүүлэх, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний байршил, хэрэгцээ, ашиглалт, нийгмийн шаардлага зэргийг харгалзан нэгтгэж тодорхойлсон бодлогыг боловсронгуй болгох,
- салбарын мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох, худалдан авах ажиллагааг зураг төсөвгүй, баталгаажаагүй төсвөөр хийхгүй байх, төсөл, арга хэмжээ төсөвт өртгийн тооцоолол бодитой байх, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналтыг бүрдүүлэх, тендерт оролцогч этгээд холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад хүргүүлж байхыг тусгажээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Зөвлөмжид дурдсан асуудлуудаар зохион байгуулалтын арга хэмжээ авч салбарын хэмжээнд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51271
0 эможи