Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газар 2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хамт өргөн барьсан юм. Үүний нэг нь эрүүл мэндийн даатгалын санг шинээр байгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хувааж хоёр агентлаг болгох агуулгатай хуулийн төсөл байлаа. УИХ үүнийг нь дэмжиж 2018 оны төсвийн тухай хуультай хамт баталсан юм. Ингэснээр 2018 оноос Эрүүл мэндийн ерөнхий газрыг шинээр байгуулж Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон. Шинээр агентлаг байгуулснаар зардал нэмэгдэхгүй гэдгийг тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинээр агентлаг байгуулах тухай энэхүү асуудлыг хэлэлцэхээр болжээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газарт шинээр агентлага байгуулах асуудлаа танилцуулж хэлэлцүүлэх юм байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт одоо эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж буй 90 албан хаагчийг салгаж Эрүүл мэндийн ерөнхий газарт ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар одоогийнхоо байранд хамтдаа үйл ажиллагаа явуулах аж.