Д.Сарангэрэл: Өрхийн эмнэлэг бүрт 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт олгоно
Өрхийн эмнэлгийн ажилтнуудыг 300 мянган төгрөгийн тэтгэмжид хамруулаагүй тул ажил хаяна хэмээн мэдээлэл хийсэн.
Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийжээ. Тэрбээр
"Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл өнөөдөр зарим өрхийн эмнэлгүүдийн ажилтнуудын хамт 300 мянган төгрөгөөс ялгаварлалаа хэмээн хэвлэлийнхэнд ханджээ.
Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах эрх бүх хүнд бий. Гэхдээ хуулийн хүрээнд асуудлаа тавих учиртай. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй байдаг. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч эхний ээлжид төрийн албан хаагчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шийдвэрийг элдэв шүүмжлэлийг сөрөн байж гаргасан билээ.Өрхийн эмнэлгүүд орон нутгийн өмчид тулгуурласан нөхөрлөл .Тиймээс төрийн албан хаагчдын адил урамшуулал авах хуулийн боломжгүй байгаа юм.
Гэвч анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам хуулийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлэгт тус бүр 8 сая 50 мянган төгрөгийн санхүүжилт хийх шийдвэрийг Даваа гаригт гаргасан юм.Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төр засаг тухайн хороонд амьдарч буй иргэдийн тоогоор санхүүжилт олгож ард түмэндээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.
Энэ санхүүжилтийг нэмэгдүүлсэн нь өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.Үйлдвэрчний эвлэлийн зарим төлөөлөл энэ шийдвэрийг өөрсдийн шахалтаар гаргуулсан мэт ойлголт олон нийтэд өгөх үйлдэл хийсэнд харамсаж байна." гэжээ.