Сайд Х.Баделхан Ерөнхий сайдад бодлогын тэргүүлэх чиглэлээ танилцуулж, тулгамдсан асуудлаар шийдвэрлэх чиглэл авлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, БТГ-ын дарга Л.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү болон “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар оролцсон юм.
Ерөнхий сайд ипотекийн зээл авсан иргэдийн тоо, ипотекийн зээлийн талаарх бусад орны туршлага, ипотекийн зээл олгох хувилбаруудын талаар мэдээлэл авч, ипотекийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбарыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам хамтран боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг даалгав.
Барилга, хот байгуулалтын салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцсаны дараа Ерөнхий сайд эхний ээлжинд “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар бариулж буй дуусаагүй, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн 2018 онд ашиглалтад өгөхийг чиглэл болголоо. Мөн БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд Түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “бичил дэд төв” буюу “Сервис центр” байгуулах болон аймгууд дахь цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа.
Мөн БХБЯ-ы зүгээс онцгойлон санал болгосон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах “Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институти”-ийг байгуулахыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар санал оруулж ирэхийг чиглэл болгов.