ФОТО: Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64,375 залуусын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Мөн өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26-н буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Залуус УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай уншлаа.
Монгол Улсын иргэний андгайд:
Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.