Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улс тунхагласны баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 93 жилийн ойн баярыг тохиолдуулан ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,
Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,
Эх орон нэгт ахан дүүс ээ,
Өнөөдрөөс 93 жилийн өмнө Монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсан билээ. Энэ агуу түүхэн өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Тэртээх 93 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бүтсэн гэдгийг бид мартах учиргүй. Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо, анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулсан түүхэн энэ өдрийг үеийн үед санах учиртай.
Анхдугаар Үндсэн хуулиараа бид хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд хуульчилсан. XX зууны эхээр Бүгд Найрамдах засагт эрс шийдэмгий алхам хийж шилжсэн нь улс төр, нийгмийн хувьд том дэвшил болсон юм. Энэ бүхэн тухайн үеийн эх орончдын мятрашгүй зүтгэлийн үр шим байлаа.
Бэрхшээл байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна. Асуудал байгаа ч бид шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.
Монгол Улсын нийт ард иргэддээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.