“Амьдрахад таатай, тогтвортой хотуудын хот төлөвлөлт” Монгол-Японы хамтарсан СЕМИНАР боллоо
Барилга, хот байгуулалтын яам нь 2012 оноос эхлэн хот байгуулалтын форум, семинарыг жил бүр тодорхой сэдвээр Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Амьдрахад таатай, тогтвортой хотуудын хот төлөвлөлт” сэдэвт Монгол- Японы хамтарсан семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус семинарт холбогдох яамд, нийслэл хот, 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдээс гадна архитектур, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөл, Японы хот ба хүрээлэн буй орчны хөгжлийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон нийт 100 гаруй хүн уригдан оролцов.
Семинарын үйл ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн үг хэлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАИКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Японы хот төлөвлөгчдийн холбооны тэргүүн асан, Японы хот ба хүрээлэн буй орчны хөгжлийн судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ын дарга Тонума Кооичи, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга, Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн ахлагч Кацухиде Нагаяма нар хот байгуулалтын салбарын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны туршлага, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, амьдрахад таатай хотуудыг 21 дүгээр зуунд хэрхэн төлөвлөн байгуулах талаарх олон улсын болон Япон орны туршлага, чиг хандлага, энэ хүрээнд манай орны хот байгуулалтын талаар хэрэгжүүлж буй бодлого, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн төлөв зэрэг сэдвүүдээр илтгэл тус тус тавилаа.
“Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 45 жилийн хамтын ажиллагааны явцад Япон Улсаас манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тэр тусмаа хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Тухайлбал, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар ”Улаанбаатар хотын ус хангамжийн тоног төхөөрөмжийг нэн яаралтай сэргээн засварлах” төслийн судалгааг 1993 онд боловсруулж, 1997-1999 онд уг судалгааны хүрээнд ундны усны хлоржуулах байгууламжийг бүрэн солих, төвийн эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийг, “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр” төслийг 2012-2014 онд, “Дархан хотын ус хангамжийн байгууламжийг сайжруулах” төслийг 2010 онд тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.
Барилга, хот байгуулалтын яам нь Японы Олон улсын хамтын ажиллааны байгууллага /ЖАИКА/-тай хот байгуулалтын чиглэлээр 2007 онд “Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөний судалгаа” төсөл, 2009 оноос “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 1, 2 дугаар үе шат”-ны төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг боловсруулж УИХ-аар батлуулаад байгаа болно. Мөн 2017 оны 06 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаатайгаар “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл” боловсруулах эхний үе шатны судалгааны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.