Ногоон барилгын стандартыг боловсруулах ЗӨВЛӨЛ байгуулна
Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Барилгын хөгжлийн төв (БХТ) хамтран “Ногоон барилгын зөвлөл байгуулах зөвлөлдөх уулзалт” зохион байгууллаа.
“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д барилгын дулаан алдаглыг 2020 онд 20 хувь, 2030 нод 40 хувиар бууруулах зорилт тавьсан хэдий ч өнөөдрийг хүртэл барилгын салбарт ногоон буюу байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж, материал ашиглаж барилга барих, түүнд үнэлгээ хийх чиглэлээр тодорхой стандарт, дүрэм журам гаргаагүй байна. Тиймээс “Ногоон барилгын зөвлөл” байгуулж, барилгын салбарт дээрх стандарт, дүрмийг боловсруулах шаардлагатайг БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал уулзалтын үеэр дурдаж байлаа.
Уг зөвлөлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канадын “Дэлхийн их сургуулийн үйлчилгээ” олон улсын байгууллагын “Юнитерра” хөтөлбөртэй хамтран байгуулах аж.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Тиймээс байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Канад Улс барилга, боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн чиглэлд түлхүү хамтран ажиллах хүсэлтай байдаг аж. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова “Дэлхийн дулаарлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгалрыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улстай нягт хамтран ажиллаж байгаа. Монгол Улс ч энэ чиглэлд ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэсэн юм.