Франц улстай хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх эрмэлзэлээ илэрхийлэв.
Элчин сайд Э.Барсак хоёр талын харилцаанд үлгэр жишээ хамтын ажиллагааны салбарууд болох археологи, газар хөдлөлтийн судалгаа, Увсын чацарганыг Европын Холбоонд газар зүйн заалттай болгох зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг онцлохын сацуу Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийж буй ажил, тулгарч буй зарим бэрхшээлийн талаар санал солилцов.