Х.Баделхан сайд цэвэрлэх байгууламжийг “толгойгоороо” хариуцна
У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн содон өнгө төрх нь яах аргагүй Х.Баделхан. Анх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярьж эхлэхэд түүний нэр байгаагүй. Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Батзориг нарын нэр яригдаж байв. Харин замын дундаас Х.Баделхан хэмээх энэ эрхэм тодорч, зүтгэсээр сайд болов. Түүнийг сайд болоход хамгийн их баярласан түмэн бол нутгийнхан нь. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Баян-Өлгий аймгаас 21 жилийн дараа сайд төрлөө. УИХ-ын гишүүн Х.Баделхан барилгын салбарыг удирдахаар болов” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан юм.
Ийнхүү 21 жилийн дараах сайд гэсэн эрхэм алдар дор намынхаа нөхдөөс өндөр итгэл хүлээн Барилга, хот байгуулалтын сайд ажилдаа ороод байна. Ер нь шинэ Засгийн газар нэлээд энхэл донхол замыг туулж байгаа. Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар хуралдсан УИХ-ын чуулган хоёр өдөр дамнан хэлэлцэж, сайд бүрээс амлалт авч, хатуу ширүүн үгээ ч чулуудаж байв. Хатуу үг хамгийн бага сонссон хүмүүсийн тоонд Х.Баделхан орно. Харин хамгийн их амлалт өгсөн хүн нь тэр байв. Түүний өгсөн хамгийн эхний амлалт гэвэл 7000 орчим барилгын компанитай, 95 мянга гаруй хүн ажилладаг энэ том салбарыг зогсонги байдлаас нь гаргана гэв. Мөн концессын асуудалд онцгой анхаарч, шаардлагатай гэж үзвэл барих, ашиглах, шилжүүлэхийг зөвшөөрч болох юм гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Мөн тэрээр “ Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээр нийтдээ 4.1 их наяд төгрөгийн зээлээр 92 мянган хүн орон сууцтай болсон, зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ жилийн хувьд улсын төсвийн 300 тэрбум төгрөг, Монголбанкны санхүүгийн зохих дэмжлэгээр арван мянга орчим айл орон сууцтай болсон байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж хөрөнгө оруулалт босгох, зээлийн хүрээг өргөжүүлэх, түүнчлэн залуучууд, багш, эмч нарыг орон байртай болгоход анхаарна. Хот байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг бодит ажил хэрэг болгох, барилгын салбарын лиценз, тусгай зөвшөөрлийг цэгцэлж хүнд суртлыг арилгах, гэр хороололд бичил төвүүд байгуулах замаар инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бүрдүүлэх, хотын шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллана” хэмээн амласан байдаг. Мөн түүний нэг онцгой гэмээр байр суурь Улаанбаатар хотыг нүүлгэх асуудлыг дэмждэг гэдгээ хэлж байв. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улаанбаатар хот өнөөдөр даацаа дийлэхээ больсон. Хотыг дахин төлөвлөхийн оронд шинэ нийслэл байгуулах нь зөв. Засаг захиргааны шинэ төвтэй болмоор байна. Тиймээс “Шинэ хороо” хөдөлгөөнийг та сайн дэмжээрэй. Хоттой та нягт харилцаатай ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Улаанбаатар хотыг шинэ онгоцны буудал руу тэлэх боломж байна. Тийш нь хотын захиргааг нүүлгэх хувилбар байж болох талтай шүү” гэсэн юм. Түүний хариуд Х.Баделхан сайд “Казахстан Улс нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн. Миний хувьд Төв аймгийг засаг захиргааны төв болгох, Улаанбаатар хотыг үйлдвэрлэл, худалдааны төв болгох хэрэгтэй гэсэн бодолтой байдаг” хэмээсэн юм.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 56 нь буюу 87.5 хувь нь Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжсэн байдаг. Түүний хамгийн түрүүнд хийж эхэлсэн ажил нь Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байв. Засгийн газрын гишүүд цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цэвэрлэх байгууламжийн асуудлыг БХБ-ын сайд Х.Баделхан та толгойгоороо хариуцна шүү” гээд шуудхан үүрэгдсэн байдаг. Ийнхүү тэрээр цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ипотекийн зээлийн гацаа, барилгын салбарын эзэнгүйдэл гээд нийслэлчүүдийн шүдний өвчин болсон олон асуудлыг Ерөнхий сайдын хэлснээр толгойгоороо дааж аваад байна. Х.Баделхан нь 1971 онд Өлгий сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1976 онд Политехникийн дээд сургууль, 1990 онд Москва хотын удирдлагын академийг төгссөн. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, 2012-2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, 2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байв. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй МАН-ын туршлагатай улстөрчдийн нэг билээ.