УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ИБУИНВУ-ын парламентийн төлөөлөгч Лимпнигийн Лорд ховардыг хүлээн авч уулзав
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгч Лимпнигийн Лорд Ховард, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Катрин Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг харилцан тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНВУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрдсэн. Үүний хүрээнд энхийг дэмжих ажиллагааны англи хэлний сургалт, 2015 онд морин пологийн харилцан айлчлал, хамтарсан сургалт, нөхөрсөг тоглолт Хэнтий аймаг, Лондон хотноо амжилттай зохион байгуулагдсаныг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм. Цаашид хоёр улсын харилцааг зөвхөн батлан хамгаалах салбар төдийгүй бүх чиглэлээр хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцлоо. Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам байлцав.