Сайд Ж.Мөнхбат УИХ-ын дарга асан З.Энхболдыг хууль хяналтын байгууллагад өглөө
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ардчилсан намын даргын ахлах зөвлөх, УИХ-ын дарга асан З.Энхболдыг цагдаа, шүүхийн байгууллагад өгч байгаагаа мэдэгдлээ.
З.Энхболд нь 2017.07.05-ны өдөр ТВ9 телевизийн ярилцлагад орохдоо “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын “Ти Би Эф Интернэшнл групп”-тэй хамтран ажиллах санал хүргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлож байгаа нүүрснээс 5 000 000 тонныг тус группийн охин компанид худалдан авах эрх олгосон” гэж ярьсан байна. Мөн үүний нотолгоо болгож албан бланк, тамга, Хэрэг эрхлэх газрын даргын гарын үсэгтэй албан бичгийг үзэгчдэд харуулсныхаа дараа цахим ертөнцөд цацжээ.
З.Энхболд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэсэн албан бланк, огноо, тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ.
Тухайлбал хамтран ажиллах санал хүргүүлсэн гэх ХЭГ/349 тоот албан бичиг нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний огноотой. Тухайн өдөр нь бямба гараг байсан бөгөөд амралтын өдөр төрийн байгууллага ажилладаггүй учир шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Харин өмнөх өдөр нь буюу баасан гарагт Хэрэг эрхлэх газраас сайд нарт “Санал авах тухай” ХЭГ/708 тоот албан бичиг илгээсэн гэлээ.
З.Энхболд нь хуурамч материалдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн огноотой, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгийн гарын үсэгтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт илгээсэн “Зөвлөгөөнд төлөөлөл оролцуулах тухай” ХЭГ/349 тоот албан бичгийн дугаарыг ашигласан байна.
Төрийн байгууллагын нэр барьсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учир өнөөдөртөө багтан Ардчилсан намын даргын ахлах зөвлөх, УИХ-ын дарга асан З.Энхболдыг хууль хяналтын байгууллагад өгнө гэж Ж.Мөнхбат хэллээ. Тэрээр мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Тус компани оны эхний хагас жилийн байдлаар 255 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 150 орчим тэрбумын татвар, хураамж оруулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.