Уяачдын наадам эхэллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр /2017.07.13/ Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Уяачдын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан хүчирхэг төрт улс байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавьяа, цадиг түүхийн үргэлжлэл нь Монгол наадам, монгол морьдын уралдаан” гэдгийг тодотголоо. Мөн уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цог золбоотой, уясан эзэн нь магнай тэнүүн наадаж хурсан олноо баясгаж байхын ерөөл дэвшүүлэв.
Нээлтийн ёслолын дараа урлагийн тоглолт, дээд, дунд, бага насны эрлийз морьдын уралдаан болж хүчит 128 бөх барилдаж эхэллээ.
Мөн энэ үеэр Үндэсний их баяр наадамд түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж, үзүүрлэж Монгол Улсын гарьд цол хүртсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших, шөвгийн дөрөвт үлдэж Монгол Улсын заан цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр болон шөвгөрсөн нэр бүхий бөхчүүдэд бай шагнал, цолны чимэгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх, хорооны орлогч дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулав. Наадмын түрүү бөх 15 сая, үзүүрлэсэн бөх 10, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр долоон сая төгрөгийн бай шагналын эзэн боллоо.
Уяачдын наадам үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.