ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

2017 оны 3 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйд Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш, бидний гуравдагч хөрш юм. Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж буй. Тухайлбал, Холбооны Ерөнхийлөгч И.Гаук 2015 онд төрийн айлчлал, Холбооны Канцлер А.Меркель 2016 онд айлчилсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар тус улсад 2015 онд тус тус айлчилжээ.

Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд 350 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллаж буй гэдгээ Ерөнхий сайд хэлж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдэгт тэд санал нэгдэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49078
0 эможи
keyboard_arrow_up