БХБ-ын сайд Г.Мөнхбаяр нийслэлийн дүүргүүдэд ажиллалаа

2017 оны 3 сарын 20

Ерөнхий сайдын захирамжийн дагуу Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд албан томилолтоор ажилласан юм. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд ажиллав. Г.Мөнхбаяр сайдын хувьд  Хотын даргаар ажиллаж байсан учраас дүүрэг бүрийн тулгамдсан асуудлыг сайтар мэдэж, гарцаа тодорхойлж шийдлээ гаргаж чадаж байсан. Тиймээс ч ажилласан дүүргүүдийнх нь иргэд “Мэргэжлийн хүний хувьд тэр л асуудлыг шийдэж чадна” гэсэн найдлага тавьж өөрийн дүүрэгт нь ажиллах болсонд баярлаж хамгийн “халуун цэг”-тээ аваачиж шийдэл гаргуулахыг хүсч байлаа.

БХБ-ын сайд Г.Мөнхбаярын хамт Хотын ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын төлөөлөл дээрх дүүргүүдэд очиж ажилласан юм.

Түүний очсон эхний дүүрэг нь Баянгол дүүрэг байв. Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа уг барилга бол “Грийн Ресурс констракшн” ХХК-ийн барьж гүйцэтгэж буй 112 айлын орон сууц юм. 2015 оны зургаадугаар сараас барилгын ажил эхэлжээ. Нийт 24 айлын газар чөлөөлсөн бөгөөд эхний ээлжийн 112 айлын энэхүү орон сууцыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг танилцууллаа. Орон сууцны барилгын ажил дуусах шатандаа орсон ч дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээгүй байсан байна.

Сайд Г.Мөнхбаяр “Үүнд гол шийдэл нь яагаад дэд бүтцээ шийдээгүй байж барилгын ажлаа эхлэв гэдгээс болсон. Одоо энэ алдааг засахын тулд хөрөнгө оруулалт олж түүгээрээ дэд бүтэц, газар дорх байгууламжаа шийдэж байж энэ барилга ашиглалтад орох ганцхан гарц байгааг сайд мэргэжлийн талаас нь тайлбарлаад гарцыг бүгдээрээ олсон тул шийдэхийн төлөө хамтдаа ажиллая” гэв.

“Грийн Ресурс констракшн” ХХК-ийн хяналтын инженер Д.Ариунзаяа хэлэхдээ “Манай компани 2014 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, батламж, захирамжаа гардсан. Энэ барилга бол хамгийн эхний блок. Тулгамдсан асуудлын хувьд гадна инженерийн шугам сүлжээний шийдэл байхгүй байсан. Өнөөдөр Баянгол дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд ажиллах үеэрээ дулааны дэд станцын асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Бид үүнд талархаж байна.” хэмээн ярилаа.

Г.Мөнхбаяр сайдыг хүлээж байсан дараагийн дүүрэг нь Сонгинохайрхан дүүрэг байлаа. Энэ дүүргийн “шүдний өвчин” нь Москва хорооллын барилгын чанар муудаж оршин суугчдын аюулгүй байдал, тав тух алдагдаж хүнд байдалд ороод байгаа нөхцөл байдал байв. Тиймээс ч сайд, түүнийг дагалдан яваа нийслэлийн мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдал зэрэг байгууллагын төлөөллийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар угтлаа. “Зарубежстрой” ХХК-ийн барьсан энэ “Москва” хорооллын энэ барилгыг 2009-2011 онд ашиглалтад өгсөн гэх боловч улсын комиссын акт зэрэг техникийн бичиг баримтыг ашиглагч талд хүлээлгэж өгөөгүй байтал “Москва” хорооллын барилгыг “бүрж” байсан хятад тоосгууд эмтэрч, эгээ л сонгинын хальс шиг ховхорсоор оршин суугчид хэзээ нурах бол гэж айдастай  амьдарсаар Онцгой байдлын газрын хамгаалалтынхныг гаднаа сойчихоод байгаа нь энэ. Тухайн үед техникийн бичиг баримтыг дутуу дулимаг хийсний буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой боловч төрийн үүрэг учраас Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлагууд хамтын уялдаатай ажиллаж оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах ёстой гэдгийг сайд Г.Мөнхбаяр дуулгаснаар оршин суугчдын төлөөлөл төр, захиргааны байгууллагуудад итгэж тайван хүлээхээс өөр гарцгүй юм байна гэсээр үлдсэн юм. Дараа нь сайд дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Тэдний тавьсан асуудлын хувьд гол нь зарим барилга, дэд бүтцийн ажлыг гүйцэд дуусгахад шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг уламжилсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49071
0 эможи
keyboard_arrow_up