Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо

2017 оны 4 сарын 24

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хуралдаанд Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдорж болон албаны бусад төлөөлөл оролцсон бол Хятадын талаас БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин ЖиЖө тэргүүтэй холбогдох яам, банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 50 гаруй хүн оролцлоо.  

Зөвлөлийн хуралдааныг нээж БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин ЖиЖө хэлсэн үгэндээ “Монгол Улс олон жилийн туршид хамтын ажиллагааны итгэлтэй түнш, бүс нутгийн нягт холбоотой байсаар ирсэнийг дурдаад хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломж, бололцоо их байгаа” гэлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Сүүлийн жилүүдэд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаа нь хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Хуралдаанаар:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Шэньхуа” групптэй хамтран Тавантолгойн төслийг уурхай, төмөр зам, боловсруулалт гэсэн цогц байдлаар хэрэгжүүлэх, хоёр талын Ажлын хэсгийг хуралдуулах  

- Зэс хайлуулах үйлдвэр барих, гаргасан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд борлуулах чиглэлд хамтран ажиллах

- Нүүрсний нийлэг хий гаргах төслүүдэд Хятадын аж ахуйн нэгжтэй хамтрах

- Тавантолгойн нүүрс угаах, боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц болон Зэс баяжуулах үйлдвэр байгуулахад говийн усан хангамж хангалтгүй байгаа учир “Хэрлэн гол” төсөл хэрэгжүүлэх

- Олон жил яригдаж буй Ганц мод, Гашуунсухайт зэрэг боомтыг олон улсын статустай, 24 цаг үйл ажиллагаатай болгох

- Зам, тээвэр, хөгжлийн чиглэлээр “Хөөт-Бичигт”-ийн чиглэлийн төмөр зам болон Зүүн коридорын болон Хойд коридорын төмөр замуудыг барих төслийн хамтран хэрэгжүүлэх

- Агаарын хаалгыг нэмэгдүүлэх

- Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн “Эрчим хүчний экспортын цогцолбор” төсөлд хамтрах

- Хятадын талаас авах газрын тосны бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэх

- Хятадын Ардын банкны  юаны своп хэлцлийн хугацааг сунгах, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Эдгээр асуудлын хүрээнд хоёр орны холбогдох яам, аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн салбарт тулгамдаад буй асуудал болон өнөөгийн байдал, хамтран ажиллах боломжийн талаар санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Ирэх 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно. Уулзалтаар Зөвлөлийн нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн зарим асуудлыг эцэслэн шийдэж, хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49055
0 эможи
keyboard_arrow_up