Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

2017 оны 5 сарын 22

 

 

  1. -Тэрээр өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллана-

 

Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний ням гаригт газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонслоо. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм.

Япон Улсад төмс экспортолно

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амралтын энэ өдөр эхлээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа. 

Тус компани энэ онд 3000 га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.

Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтад Засгийн газар бодлогоор дэмжиж оролцох, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хүсч байлаа. Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлж байгаа. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгааг Ерөнхий сайд хэлж байлаа. Ингэхдээ тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэдгийг хэлж байлаа.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагдсан. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Энэ үеэр чийг унасан. Өнөөдөр л гэхэд хөрсний чийг хангалттай байна. Манай аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн, энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай, 6500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж байна. Энэ эрчээрээ явахад зургадугаар сараас өмнө тариалалт дуусна гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49046
0 эможи
keyboard_arrow_up