Шадар сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн V чуулганд оролцож байна

2017 оны 5 сарын 22

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V чуулган 2017 оны 05 дугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна. Тус дэлхийн хөтөлбөрийн V чуулган нь 2015 онд дэлхий дахинд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгээс хойш зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Чуулганд Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч, хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрик Пена Нието оролцох юм.

Харин Монгол Улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид уг чуулганд оролцож байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн тавдугаар чуулган нь улс орон, байгууллага, салбаруудын хооронд харилцан уялдааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад гарсан тэргүүн туршлага, мэдлэг, мэдээллийг солилцох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг чуулга уулзалт юм.

Чуулганы тэргүүлэх ач холбогдол нь Засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий дахинд батлагдсан гэрээ хэлэлцээр, хөтөлбөр үйл ажиллагаа, тухайлбал 2005 онд батлагдсан Хёогогийн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд стратегийн зөвлөмж, чиглэл гаргахад оршиж байна.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Байгууллага хоорондын тусгай хороог 2000-2005 онд байгуулан гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэх зорилго тавьж ажилласан ба 2005 онд Япон Улсын Кобе хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал”-ын үеэр дээрх хороог өргөжүүлж Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулах тухай саналыг гаргасан.

Бага хурлаас хойш нэг жилийн дараа буюу 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хөтөлбөр үйл ажиллагааг зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх, стратегийн чиглэлүүдийг боловсруулж, гишүүн улс орнуудад зөвлөмж гаргах, түншлэл хамтын ажиллагааг олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг байгуулсан.

Уг платформын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн чуулга уулзалтыг 2007 2009, 2011, 2013 онуудад Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулсан бол 2015 онд Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн чуулган Япон Улсын Сендай хотноо зохион байгуулагдаж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Харин 2017 оны ээлжит V дугаар чуулганыг Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ удаагийн чуулганыг “Сендайн үйл ажиллагааны хүрээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдамжийн дэлхийн болон бүсийн платформын талаарх 28, 49 дүгээр заалтыг үндэслэн 1. Сендайн хүрээ хөтөлбөрийн тэргүүлэх 4 үндсэн чиглэлээр дэлхийн болон бүс нутгийн хэрэгжилтийг дүгнэх, 2. Олон улсын түншлэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 3. Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг хангуулах гэсэн үндсэн зорилтын хүрээнд зохион байгуулна.

Чуулганы үр дүн нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгуулахад чухал хувь нэмэр болох юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49045
0 эможи
keyboard_arrow_up